Сургалтыг дэмжих хэрэглэгдэхүүн - Цахим ном - Хичээлийн агуулга

    Алтан замагт буу


    Алтан замагт буу

    Эрт урьд цагт энэ дэлхийн, сүмбэр сайхан уултай, цэнгэг сайхан нуур голтой нэгэн сайхан газар хоёр айл амьдардаг байж гэнэ. Хоёр айлын нэг нь оосор бүчгүй орд цагаан гэртэй, олон мянган малтай Наст хэмээх айл. Нөгөө нь хар модыг харуулдаж хийсэн, нарс модыг нааж хийсэн гэрэл орох цонхтой гэгээн саруул байшинтай орос Иваных ажээ. Настынх мал маллаж амьдарна. Иваных амуу будаа, алим жимс ургуулж амьдарна. Тэр хоёр айл нэг нэг хүүтэй юм санжээ. Олон жил айл саахалт байсан хоёр айлын хоёр хүү төрсөн ах дүүсээс ялгалгүй ижилдэн дасж, эр бие өсжээ. 

    Иваны хүү Вася ургаа мод шиг өндөр гоолиг, уулын бүргэд шиг харцтай сайхан залуу болж гэнэ. Настын хүү Нарангэрэлт гунан бухаар зүтгүүлэвч гулзайхгүй хүчтэй, гурван сар унтахгүй ч нойрмоглохгүй сэргэлэн эр болж гэнэ. Ус гол, нутаг хошууныхан нь тэр хоёрыг хүндлэхийн дээдээр хүндэлж, бахдахын эрхмээр бахаддаг ажээ. 

    Зүгийн муу зүүн хойт зүгт орших хар санаат хаан хамаг олныг түйвээж, хавьтсан ойртсоноо цөлмөж байгаа юулт мэдээ хүрч иржээ. Аюул гамшиг айсуйг сонсоод ус нутгийнхан хоромхон зуур цугларч хар санаат хааныг угтаж дарахаар өдөржин шөнөжин зөвлөлдөж гэнэ. Тэгээд усанд матар адил, элсэнд арслан адил эрэмгий зоригт гурван зуун баатар эрсийг Настын хүү Нарангэрэлтээр удирдуулан явуулах болов. 

    Нутгийн олон хүүд нь ийм их итгэл хүлээлгэсэнд Наст өвгөн ихэд баярлан: 

    Нэг шорооноос ургаж, нэг усаар тэжээгдэж, өссөн нутаг усныхан та нар минь, хар эрээн могой адил, халдан ирэх дайсантай халз тулах ариун үйлсэд хайрт хүүг минь шилсэнд би баяртай байна. Миний хүү баруун гартаа барсын тэнхээтэй, зүүн гартаа арслангийн тамиртай, эр болохоор та бүгдийн итгэлийг эвдэхгүй бизээ гэж бодож байна гэж хэлэхэд олон хүмүүс баярлан шуугилдав. Хамт явах нөхөд нь уухай хашгирав. 

    Харин Иван өвгөн дуугүй л ийш тийшээ хэдэнтээ алхав. Эргэж тойрч хэсэг холхив. Аавынхаа байдлыг ажин зогссон Вася хүү учрыг ойлгож бүхний өмнө гарч өгүүлрүүн: 

    -Өнгө зүс, хэл яриа өөр боловч төрөхөөс өсөхийг хүртэл хамт амьдарсан анд нөхөд минь ээ ! Нарангэрэлт бид хоёр нэг эхээс төрөөгүй ч нэгэн зүрхээр цохилдог юм. Атаат тэр дайсан хүчээр биднээс дутуу ч гэсэн арга залиар хавьгүй илүү. Би дайлаар одъё. Нарангэрэлт надаас дүү, гарын тамир гүйцсэн ч нурууны тэнхээ гүйцээгүй, ухаанаар хурц гэлээ ч шөнөөр худагт унаагүй балчир гэнэн байгаа юм гэхэд хурсан олон чимээгүй болов. Иван өвгөний нүдэнд баярын оч гялалзан: 

    -Миний бодлыг хүү минь хэлчихлээ. Хүн ардын т өлөө ингэж л чи явах ёстой. Аавын хүүгийн ачийг үзэх аргагүй цаг ирсэн байна. Хүү Васяд итгэж болно хэмээн өндөр дуугаар баясан зарлав. Олон ард Иван өвгөнийг хайрлан өрөвдөж ятгасан боловч тэр өвгөн үгээсээ буцаасангүй, Вася хүү ч явахаар хатуу шийджээ. 

    Унаж явах морийг шинжиж олон сайхан аргамаг хөлгийг барилсан боловч Наст өвгөн адуун сүргийн сүүлд явдаг хар алаг дааг,а даахьтай бор даага хоёрын аль нэгийг барьж авчир ! гэж зөвлөв. 

    Аян замын бэлтгэл хийж арав хонов. Адаг сүүлд нь явах болж гурван зуун цэрэг жагсав. Хар алаг даага унасан Вася хамаг цэргийн өмнө гарч “Аавдаа хэн хайртай вэ?” гэж өндөр дуугаар асуухад зуун цэрэг “Би” гэж хариулав. Аяны өдрийг гурав хоног хойшлуулав. Гурав хоногийн дараа хоёр зуун цэрэг жагсав. “Ээждээ хэн хайртай вэ?” гэхэд зуун цэрэг “Би” гэж хариулав. Аяны өдрийг гурав хоног хойшлуулав. Гурав хоногийн дараа зуун цэрэг жагсав. “Эхнэртээ хэн хайртай вэ?” гэхэд ерөн долоон цэрэг хариулав. Ийнхүү Вася эцэг, эх, эхнэртээ хайртай бүхнийг орхиж, эх орондоо хайртай гурван цэргээ дагуулан бялзуухай нэгийг өвөртөө хийж, алсын замд оров гэнэ. 

    Дөрвөн эр яваад дөрвөн сар болов. Дөрвөн жил өнгөрөв. Сураг чимээ огт үгүй. Хавар болж цас ханзран, харанхуйг халж үүрийн гэгээ манхайх цагаар Иван өвгөний байшингийн дээвэр дээр бялзуухай шулганан шулганан жиргэв. Өвгөн ихэд сандарч түүнийг харвал хүзүүнд нь дугтуй бичиг байхыг олж хараад авч үзвэл: 

    “Бид дөрөв дайснаа дарсан. Та нараас аюул зайлсан. гурван сайн нөхөр минь хар санаат хааныхаас зуун бээр газар амь эрсдсэн. Бялзуухай та нарт очоод иртэл лавтай гурван сайхан царс мод болсон байх вий. Би хар хааны ордон руу одов. Хэрэв миний хойноос хэн нэгэн хүн ирэх бол гурван царстай уулын оройд өвгөн Ода байгаа. тэр миний тухай, та нарын явах замыг зааж өгнө. Миний хойноос ирээд хэрэгтэй биз. Вася” гэжээ. 

    Ийм захиа аваад Иван өвгөн гурван шөнө, гурван өдөр гуниглан гансрав гэнэ. 

    Сайхан сэтгэлт Иван өвгөнийхөөс утаа ч гарахгүй, уур ч савсахгүйд сэтгэл зовсон Наст өвгөн хүрч очвол Иван хамаг явдлыг харуусан тайлбарлав. 

    Наст гэртээ ирээд нэг ч үг дуугарсангүй долоо хоног тонгорог билүүлэв. Долоо хоног борц нүдэв. Долоо хоног морь уяв. 

    Нарангэрэлт хүү учрыг олж цөхөөд уур омгоо барьж ядан тэр өдрийн нар хэвийх цагаар тэнхээт даландаа саадаг агсан орж ирэв. Наст аав нь уурласан ч үгүй, инээсэн ч үгүй, гурав хоног чанасан гунжин үхрийн мхыг өмнө нь тавиад: 

    -За хүү минь тайвшир ! Саадаг, нум чамд хэрэггүй болсон. Сайн санаагаа чи гэртээ орхино. Явах зам чинь асар урт, хүрэх газар чинь нэн аюултай. Иван өвгөний хүү Вася атаатнаа дарсан ч гэсэн азгүй явдал нэгэнт тохиолджээ. Аврах эсэхийг гагцхүү чи л мэдэх болжээ. Үхрийн махыг дуустал нь идэж ав. Бялзуухайг нойроос сэрэх болтол чи мөн унтаж амар. Тэр шувуу чамайг замчлах болно гээд урт цагаан сахлаа намируулан илбэв. Цогтой хар нүдээ онийлгон онийлгон ширтэв гэнэ. 

    -За миний хүү унасан морио өөрөөс илүү хайрлаж яваарай ! Ус, өвсийг нь дутааж болохгүй, уяа сойлтыг нь алдуулж болохгүй. Морьгүй хүн мохно шүү. Олон айлд буу, онцгой ганц айлд битгий буугаарай. Голыг өргөн гэж битгий ай, горхийг нарийхан гэж бүү бас. Настан хүнээс үг сонсож, газар заалгаж яваарай. Нар нэгэнт шингэх дөхсөн бол замд битгий гараарай гэж эцэг нь сургав гэнэ.



    Нарангэрэлт хүү учир явдлыг ухаарч сая л нэг уужрав. Ухаант эцгийнхээ үгийг ширхэг дараалан цээжлэв. Ингээд Нарангэрэлт хүү гунжин үхрийн махыг дуустал идэж цадав. Бялзуухайг сэртэл хамар нойроо авав. 

    Нарангэрэлтийн явах өдөр болоход Наст аав нь өмнөө суулгаж хүүгийнхээ гэзгийг сүлжин өгөхдөө: 

    -Нас чинь залуу байна, цус чинь шингэн байна. Аюул осол нэгэнт тааралдвал гэж гэзэгний чинь таван дор эвхмэл тонгорог хийлээ шүү. Тэр цагт үүнийг санаарай гэж захив. Хүүгээ мордуулахдаа өлсөж цангах үе тааралдвал гэж эмээлийн чинь бүүрэгний хонгон доогуур үнхэлцгэнд багтаасан үхрийн мах хийсэн шүү. Идэвзэй, үнэрлэж яваарай! Морь чинь шувуу гүйцэж чадах боловч битгий давхиарай гэж захив. Энэ үед Васягийн аав Иван өвгөн хүрч ирэв. 

    -За хүү минь Вася та хоёр цугтаа төрсөн ах дүүс биш ч гэсэн, цулбууртай төрсөн хоёр шүү. Насны нар хэвийсэн бид хоёр чамайг, үхлийг тэвчин хүлээх болно. Энэ бялзуухайг авч яв. Хүрэх газрыг чинь зааж өгнө. Хүний хэлийг сайн мэднэ. Өндөр гурван царсыг санаарай, Ода хэмээх өвгөнийг мартуузай. Инээсэн бүхэн нөхөр биш шүү, уурласан болгон дайсан биш шүү хэмээн сургаал хайрлав. 

    Ингээд Нарангэрэлт хүү алсын замд гарч үүлтэй тэнгэрийн доогуур урт замыг даган нарийн өвсийг намилзтал, бүдүүн өвсийг бөхөлзтөл ергүүлэнхэн, хатирууланхан явав. Тэгээд тэр аавынхаа захисан ёсоор олон айлд хонож өнжин, онцгой ганц айлаас тойрон, өргөн голыг айлгүй туулж, нарийн горхийг сэрэмжлэн гаталж аяны замыг саадгүй гэтэлж явлаа. 

    Тийнхүү явж байтал бие нь баахан алжааж, морь нь баахан сульдаж, нар хэвийсэн нэгэн орой замын зайдуу газар торойх нэгэн айлыг хараад унтаж амармаар санагдав. Нар нэгэнт шингэх дөхсөн бол замд битгий гараарай гэж аав захисан. Тэгээд ч олон олон айлд өнжиж хонож явлаа. Онцгой ганц айлд нэг удаа буугаад үзэхэд яадаг юм бол? гэж бодоод очихоор шийдэв гэнэ. 

    Нарангэрэлт хүү айлд очихынхоо өмнө “Юмыг яаж мэдэх вэ?” хэмээн үүлэн бор морио даахьтай бор даага болгож, өөрөө нусгай хүү болж хувирав. Толгойн чинээ хар гэрийн гадаа очиж “Нохой хорь!” гэсэнд хэн ч гарч ирсэнгүйд морио тушаад гэрт орвол эрүү өвдөг нь нийлэх шахсан нэгэн эмгэн нурмаа ухан сууж байна гэнэ. 

    Нарангэрэлт хүү эмгэний амрыг асуун мэндлэхэд эмгэн их л найрсгаар угтаж: 

    -За нүдэндээ галтай, нүүрэндээ цогтой жаал хүү хаанаас хаана хүрч явна даа. Өөрөө ийм жижигхэн, унасан хөлөг чинь ийм туранхай, тэгээд энэ хол газар яаж явдаг билээ? гэж асуув: 

    -Эмээ минь манай нутаг тийм ч холгүй. Адуу малын эрэлд яваад адаг сүүлд нь төөрөөд явж байна гэж хээвнэг харуилав. Эмгэн уулга алдаж: 

    -Эвий хөөрхий амьтны үр ингэж явах гэж байх уу даа. Өлсөж цангаж ядарсан байлгүй. Морь, биеэ амрааж хонож өнжөөд яв. Эмээ нь хоол, цай хийж өгье гэж сайхан загнав. Нарангэрэлт хүү өөрийгөө азтайд тооцон “Үдэш орой болсон хойно ийм настай, сайхан зантай эмээгийнд ирэх гэж” хэмээн дотроо баярлан: 

    -Гялайлаа. Эмээ минь гээд тухлан суулаа. 

    Эмгэн хоромхон зуурд цай хоол базааж, Нарангэрэлтийн ууж идэх зуур унаа морийг нь аргамжив. Тэгээд од жагсаж гүйцээгүй байхад л ор дэр засч, үнсэж энхрийлэх шахав. Нарангэрэлт хүү сэтгэл ууж идэх зуур унаа морийг нь аргамжив. Тэгээд од жагсаж гүйцээгүй байхад л ор дэр засч, үнсэж энхрийлэх шахав. Нарангэрэлт хүү сэтгэл уужуу, нам нойрсчээ. 

    Шөнө дундын хирд, шүлэг нойрын үед салхи салхилаад ч байх шиг, хэрээ гуаглаад ч байх шиг нэг л эвгүй санагдахаар зүүдэлж байна уу даа хэмээн гайхаш алдран хөдлөх гэсэн боловч хөдөлж болсонгүй тул чимээ чагнаж, нүдээ дутуу нээж харвал эмгэн цог шиг улаан нүд эргэлдүүлэн их гал түлсэн тулгаа тойрон навсагнаж, төмөр аваа гялалзуулан тас хар царайтай, мах шиг улаан нүдтэй дөрвөн том эрийг сөгдүүлэн саваадаж: 



    -Би гөрөөсний мах идсээр байгаад бүр турж үхлээ. Хүний мах л идмээр байна. Тэгэхдээ бүр хүүхдийнхийг идэх юмсан. Ай, чааваас ! гэж хэрээ адил бархирч байж гэнэ. Дөрвөн харын нэг нь: 

    -Тайвширч үз дээ, шулмас гуай минь ! Таны хүсээд байгаа юм чинь бэлэн байгаа юм биш үү? Бид одоохон төхөөрөөд өгье л гэхэд: 



    -Энэ яах вэ. Зөөлхөн сайхан зууш өөрөө аманд минь аятайхан ороод ирсэн юм. Морийг нь ч идэн, өөрийг нь ч иднэ. Тэгэхдээ би аль алиныг нь одоо ч идэхгүй, маргааш ч идэхгүй. Хол газраас яваа юм билээ. Сайн амрааж байж идэхгүй бол мах, цус нь амтгүй байгаа. Морь ч гэж дээ, муу даагыг нь би гурван уулын цаана аваачаад хадан агуйд төмөр чөдрөөр чөдөрлөөд хийчихсэн. Өөрийг нь би бугын ширээр цовдлоод тавьчихсан. Ямар вэ? хэмээн бардамнаж, баахан тайвширч дөрвөн хар зарцынхаа алж ирсэн дөрвөн бугын цусыг нь ууж, махыг нь зарц нартаа өгөхөд тэд түүхийгээр нь ховдоглон идэж ясыг нь овоолон унтах болов. 

    Махчин шулам: 

    -Та нар энэ хүүгийн дөрвөн талд нь унтах хэрэгтэй. Ганц гэж ганцаардахгүй гайхал байж мэднэ. Далан жилийн өмнө биш, долоохон жилийн өмнө дөрвөн хүн ирж,хамгийг цөлмөн залгиж байсан хайрт хүүгий минь хиар цохиж хамаг бүгдийг нь үнсэн товрог болгож газрын хязгаар далайн хөвөө рүү үлдэн хөөж одсоныг санахгүй байна уу? Ганц хүүгээс минь сураг алга. Галаар өндөглөдөг бүргэдүүд минь ч алга. Би л арга ухаантайдаа агуйн мухарт амь зулбаж гарсан шүү дээ гэж савар шүд гарган ярзайн байв. Сэгсгэр үсээ үгтээн бахирч байв. Бүтэн, бүтэн бугын махыг түүхийгээр нь идсэн бүдүүн дөрвөн эр Нарангэрэлтийн дөрвөн талд хашаалан хэвтэж унтацгаав. 

    Нарангэрэлтийн борхон зүрх нь пол пол цохилж, богино хавирга нь шир шир хийж, эцгийн үгийг умартан эндэж осолдсоноо харуусав гэнэ. 

    Шөнө дөл өнгөрөх алдад эмгэн шулам архиран хурхирав. Дөрвөн хар хүн ч доргитол хурхирав.Нарангэрэлт гэрээс гараад эндиртэл явсан газар, туулсан замаа эргэн санаж “Вася ахыгаа аварч чадахгүй замын дунд ингээд өнгөрдөг байжээ. Би ч ёстой муу эр юм даа. Бялзуухай минь хаашаа нисээ бол, хайрт хөлөг минь яаж байгаа бол?” гэж санахаас бүлээн нулимс хацрыг нь даган урсав. Бүх бие нь бадайран хөшив. Ингэж арга барагдаж, тамир алдрах үед гэнэт үснийх нь уганд хийж өгсөн тонгорог санаанд нь оров. Гэвч гэзгэндээ байгаа хутгаа авах арга ер байсангүй. Хамаг бие нь баглаатай хүлээтэй, хаашаа ч яаж ч хөдлөх нөхцөлгүй ээ. 

    Ингэж гунихран гансран байтал махчин шулмын өрхний ццорхойгоор бялзуухай нь нисэх орж ирээд Нарангэрэлтийн хацар дээр нь суув. Нарангэрэл “За чи миний гэзэгний таван дор нэг жижигхэн тонгорог байх ёстой. Түүнийг аваад өг” гэхэд тэр сүлжсэн гэзгийг нь хоромхон зуур задалж, бяцхан тонгорог авч аманд нь зуулган, өөрөө хушуугаараа таталцан тэнийлгэв. Тийнхүү бялзуухай нь хөл, х ушуутайгаа хамжиж цовдолсон ширийг зүсч эхлэв. Хялгас тавьж үлээхэд тас хяргаж байсан хутга төмөр хуягийг ч зүсч чадах иртэй гантай байсан ажээ. 



    Ингэж Нарангэрэлт ширэн цовдноос гарч өндийхөд махчин шулам зарц нартайгаа дуг нойрондоо хар гэрээ яйжигнатал хурхирч байна гэнэ. 

    Нарангэрэлт дөрвөн зарцыг нь хага мөргөлдүүлж алаад махчин шулмыг орноос нь уг татан босгож “Морь минь хаана байна вэ, хэлж өг. Төмөр чөдрийн түлхүүр хаана байна ? гаргаж өг” гэхэд машид сандран босч, морь байгаа газрыг нь зааж, төмөр чөдрийн түлхүүрийг хүзүүнээсээ мулталж өгөөд хөх чоно болон зугтах гэхэд нь хөлнөөс нь шүүрч, эрүүг нь зааж хаяв. Хар эрээн могой болж үнс рүү шургах гэв. Хүзүүгээр нь тас атган хэлийг нь сугалан хаяв. Сарьсан багваахай болон нисэх гэв. Далавчийг нь таслан хаяж галын цог руу шидэв. 

    Махчин шулам орь дуу болон час, пас хийж шатав. Нарангэрэлт хар хааны эх махчин шулмыг ийнхүү дарж, хар овоохой хамаг юмыг нь шатааж, сансрын салхинд хийсгэн,хайрт хөлөг морио авч бялзуухайгаа даган аяны замаа үргэлжлүүлэв гэнэ. 

    Нарангэрэлт хүүгийн гэнэн томоогүй явдал үүгээр эцэс болсонгүй. Нэгэн өдөр хонь хариулж явсан жаал хүүтэй уулзаж гэнэ. Тохойн чинээ биетэй бяцхан бор хүү: 

    -Нүдэндээ галтай, нүүрэндээ цогтой ах гуай хаанаас хаа хүрч явна вэ? Хэрэг зориг юунд вэ? Хэт нутаг хаана вэ? гэж мэнд мэдэж, хэрэг лавлаж гэнэ. Нарангэрэлт “Биеэр жижигхэн боловч яасан хэлэмгий хүүхэд вэ” гэж бодоод: 

    -Хэт нутаг холгүй. Хэрэг зориг малын эрэлд явж байна. Чамайг хэний хэн гэдэг вэ? гэж асуухад: 

    -Нурмангалт хааны хоньчин нусгай жур гэдэг байна. 

    Ах таныг би андуураагүй бол малын эрэлд биш, хүний эрэлд яваа юм бишүү? гэхэд: 

    -Яаж байна? хэмээн цочисхийн асуулаа. 

    -Малын эрэлд яваа хүн эхлээд мал руу хардаг, хүний эрэлд яваа хүн хүн рүү хардаг. Та тэртээ холоос ирэхдээ хонь руу биш, над руу харж ирэхлээр чинь л би тэгж таасан юм хэмээн хариулав. 

    Нарангэрэлт “Хэл ам сугалчих гэсэн хэцүү хүүхэд байна” гэж салахын мөн болоод: 

    -Гурван царст уул хүрэх замыг чи ч мэдэхгүй биз дээ? гэхэд 

    -Үнэндээ би мэдэхгүй. Манай эндээс цааш явахад үнэхээр хэцүү. Талаар явбал чоно ихтэй, уулаар явбал хад хавцалтай, дундуур явбал шавар ихтэй. Тийм болохоор нарны дээр, насны залуудаа ирсэн замаараа буцвал амь нас, аливаад чинь хэрэгтэй болов уу? гэж зөвлөв. 



    Нарангэрэлт түүний үгийг үл ойшоож: 

    -Ах чинь зорьсондоо хүрэлгүй замын голоос буцдаг эр биш. Явахаа явж, туулахаа туулж, хүрэхдээ хүрнэ гэж бардамнанхан өгүүлэхэд нусан жур хүү ер юм санасан шинжгүй: 

    -За яахав, та өөрөө л мэд. Хоньчин хүүгийн үг хонин чинээ алтнаас үнэтэй байж ч магадгүй гэж хэлээд цааш одохдоо: 

    -Тал газраар явбал тавиун байж ч магадгүй дээ гэж хэлээд хангинатал дуулж, жингэнэтэл исгэрсээр хониныхоо хойноос яваад өгөв. 

    Нарангэрэл хэсэг зуур бодлого болж зогссоноо “Энэ муу жаал юу л мэдээ аж” гэж бодоод уулын замаар явахаар шийдэж унасан мориндоо ташуур өглөө. Нар гурав мандтал, сар гурав шингэтэл явсаар байтал хойшоо ч үгүй, урагшаа ч үгүй хадан хясаанд тулж гацав. Ус, гол тэртээ дор толины гэрэл адил гялтганаж, үүл тэхий дундуур нь хөвсөлзөн нүүсэн хадан хясаанаас эргэж гарах газаргүй бөгөөд дөрөв биш дөрвөн зуун алдын цаана, тав биш таван зуун алдын цаана нөгөө уулын орой сүмбэрлэн харагдана. Нарангэрэлт нусгай хүүгийн үгэнд оролгүй бардамнаж уулын замаар явсан ухаан тэнэгтээ харуусан хадан хавцлын ирмэгт хаашаа ч үгүй хашигдан хоёр гурав хоног саатав. 



    Нэгэн өглөө унасан хүлэг нь үүрсэн өгүүлрүүн: 

    -Сайн хүний үр байтлаа санаагүй яасан эр вэ? Сайхан төрсөн эр байтлаа ухаангүй яасан хүн бэ? Ингээд бид үхэх гээгүй л юм бол эцсийн аргаа бодох хэрэгтэй. Миний сүүлнээс хэдэн ширхэгийг сугалагтүн! Хялгасны нэг үзүүрийг өөрөө атга. Нөгөө үзүүрийг бялзуухайдаа зуулган тэртээ уулын орой руу нисэгтүн! гэж хэлэв гэнэ. 

    Нарангэрэлт мориныхоо хэлсэн ёсоор туг сайхан сүүлнээс нь хэдэн хялгас сугалан нэг үзүүрийг нь өөрөө барьж, нөгөө үзүүрийг нь бялзуухайдаа өгч эсрэг харагдах уулын орой тийш нисэв. Мориных нь сүүлний хялгас сунан сунасаар нөгөө уулын оройд хүрэхэд тэр нь мод болон хувирч, гүүр болон тавигдав. Нарангэрэлт баясан инээв. Бялзуухай нь ч баясан жиргэв гэнэ. 

    Нарангэрэлт морио хөтлөн дамнуурга гүүрэн дээгүүр явахад салхи гарч унахыг шахахад бялзуухай нь түшин тэнцүүлж явсаар арай гэж нөгөө уулын оройд хүртэл гишгэх газартай, буух замтай болж гэнэ. 

    Ийнхүү цааш одож, нарыг гурав мандуулж, сарыг гурав шингэтэл явжээ. Тэгтэл өдөржин яваад туулахын аргагүй өргөн их ой тэр аяараа түймэрт автсан тул явах зам нь бас л мухардаж өдрийг өнжин, сарыг саатан хүлээж, аргаа баран сууж байтал морь нь бас л хүний хэлээр өгүүлрүүн: 

    -Сайн хүний үр байтлаа санаагүй яасан эр вэ? Сайхан төрсөн эр байтлаа ухаангүй яасан хүн бэ? Бялзуухайн далавчнаас өд сугалагтун! Хоёр суганд минь шигтгэгтүн! Тэгээд олмоо чангалж, дөрөөгөө холбоод эмээлдээ бат сууж, нүдээ тас анигтун. Нүдээ нээ гэхээс нааш нээж болохгүй шүү гэж хэлэв. 

    Нарангэрэл мориныхоо хэлсэн ёсоор бүгдийг хийлээ. Бор морь нь хэдэнтээ янцгааж хэдэнтээ эргэлдсэнээ агаар цойлон нисэв гэнэ.Ингэж нисэн ниссээр “Нүдээ одоо нээгээрэй” гэхийг бүдэг бадаг сонсож,нүдээ нээвэл аймшигт түймэр ор мөргүй хойно үлдэж, уул тал нь хосолсон, ургамал ус нь жигдэрсэн үзэсгэлэнт сайхан газар ирсэн байж гэнэ. 

    Нарангэрэл морь, шувуу хоёроо хайрлан биширч, сөгдөн сөхөрч, талархал илэрхийлэв. Ингээд өндөр газар гарч алсын бараа харж суутал алс тэртээ уулын энгэрт голын хөвөөнд гурван өндөр мод байв. Цааш нь лавлан хартал гурван давхар байшин харагдав гэнэ. Нэг дэх давхар нь чулуу, хоёр дахь давхар нь мод, гурав дахь давхар нь шилээр бүтсэн үзэсгэлэнтэй сайхан байшинд хүрч ирвэл алда цагаан сахалтай азай буурал өвгөн угтан гарч ирэв. 



    -Аян замдаа сайн явж ирэв үү? Ах чинь чамайг мөн ч их хүлээлээ дээ. Унаа морь чин сульдав уу? Учир саад тохиолдов уу? хэмээн дөлгөөн тайвнаар асуугаад дагуулж оров. 

    Нарангэрэлт гэрээс анх гарснаа, гэнэдэж замд осолдох шахсанаа орос өвгөн Одаад ширхэгчлэн ярьж өнжиж хонон алжаал тайлав. Хамаг явдлыг сонссон Ода толгой сэгсрэн: 

    -Тэр аюулаас чинь нэн бэрх, тун сүрхий дайсан өмнө чинь тулгарна. Орос ах Вася чинь одоо лав амьд байхгүй байх. Тэр хэрэв амьд бол өдийд лав ирэх болсон. Хар санаат хааныг дарахаар явснаас хойш даруй арван жил өнгөрч байна. Араас нь яваад хэрэггүй боловч нэгэнт зорьсон газраа хүрч ирсэн болохоор алтан шарилыг нь үзээд буцвал зүгээр сэн. Агт сайхан алаг морийг нь хөтлөөд буцвал зүгээр сэн. 

    Өвгөн ах чинь үхэх өдрийг угтан хүлээж байна. Сайн санааны үзүүрт сүү гэдэг сэн. Муу муухай санаа могойн хорлол гэдэг сэн. Уулын Ода өвгөн би олон зүйлийг үзсэн толгой. Хорвоо дэлхий өргөн боловч хотол түмэн олон боловч сайн нь ч их, муу нь ч их, сайхан нь ч их, муухай нь ч их тоост их хорвоо дээр уг нь сайн нь муугаа дийлж байдаг тавилантайсан гэж боддог юм. 



    Тэртээ жилийн намар, түйвээн самууны үе. Хар санаат хааны сүүлчийн хүчийг хайрт Вася гурван нөхрийнхөө хамт дөрвүүлэхнээ хиар цохиж явсан өдрийг би яаж мартах билээ. Сайн бүхэн дийлж дэлгэрэх болтугай, муу муухай бүхэн сөнөж устах болтугай! гэж өсөхөөс өтлөхийг хүртэл хүсэн мөрөөдж явсан би тэдэнтэй хүч, сэтгэлээ хамтатгасан юм. 

    Дайсны цэрэг олоон олон, толгойны үс шиг байлаа. Бид тавуулаа, ёстой л оочийн сахал шиг байсан. Алив бэрхийг арга ухаанаар дийлдэг хойно. Замбараагүй олноос зангидсангар шиг тавуулхнаа бид ялж чадсан юм. 

    Сүүлчийн өдрийн тулалдаан шувтаргандаа ойртож, шунахай тэд амиа алдах гэж байж, амьтан хүнээс дээрэмдсэн алт сувдаа ачаалан ухаан жолоогүй цувж байлаа. Тэгтэл бидэнд золгүй явдал болсон юм гээд тамхиа татан чимээгүй болов. 

    Өндөр дээдОда өвгөн өтгөн дарс аягалж, өнгийн идээ таваглаж Нарангэрэлт хүүд хандаж цааш ярив: 

    -Хар санаат хааны хатан нь шулам байжээ. Бүх цэрэг нь сөнөж дуусахад хаанаасаа салж ард үлдээд харцын хувцсаар хувцаслаад бид хэд дээр уйлж ирсэн юм. Бид ч түүнийг итгэж авсан юм. Тэгээд тэр, шөнө дунд гурван нөхрийг минь дарсаар хөлчүүрүүлж эцэст нь хор өгөөд эрээн могой болж мөлхөж оджээ. Маргааш нь Вася бид хоёр хэрэг явдлыг үзэн гашуудаж,гурван сайн нөхөр, гурван сайн баатраа эцсийн замд нь үдэж энэ уулын энгэрт оршуулсан юм. 

    Тэр хар эрээн могойг хөөн гүйцэж хэдэн хэсэг цавчин хаяад хээрийннохойд хувааж өгсөн юм. Вася минь надад ингэж хэллээ: 

    -Ода дээд өвөө минь, хэлмэгдсэн олныг аварсан ч гэсэн хэрэг зориг минь дутуу байна. Хар санаат хааны хар толгойг аваагүй цагт миний сэтгэл амрахгүй нь. Гэртээ ч би буцаж чадахгүй нь. Би хойноос нь нэхье. Барс мэт барьцалдаж тулалдъя. Арслан мэт алалдан тулалдаъя гэдэг байна. Хорьж би үзлээ. Хамт явъя гэж гуйлаа. Аль алины минь тэр зөвшөөрсөнгүй. Алаг морио унаад явлаа. Тэгээд л ирээгүй. би хойноос нь явах чадал нэгэнт үгүй болжээ. 



    Ода өвгөний яриаг онцгой сонирхон сонсож суусан Нарангэрэлт сая л ам нээж: 

    -Тийм ээ Вася ахын зөв. Би ч бас л тэгж бодож байна. Муу юмны үндсийг таслахгүй бол могойн хор шиг бусдыг хөнөөнө. Би ингээд явах минь. Морь, бие ч амарлаа. Дарсан бол дарсныг нь үзье. Дарагдсан бол тэрний ч үзье гэж босов. Өвгөн Одагийн нүүр нүдэнд баяр түгшүүр хослон: 

    -Хүү минь жаахан хүлээ. Нас чинь залуу, цус чинь шингэн байна. Хар санаатыг зүглэхдээ хамаагүй явж болохгүй. Миний үгийг сонс. Тэр хааныичээ орд эндээс тийм ч холгүй. 

    Эхлээд элсэн цөл бий. Тэр нэг их өргөн бус, дараа нь чулуун ой бий. Түүнийг нэвтэрч болно. Түүний цаана төмөр өргөсөн ширэнгэ бий. Түүнийг нисэж давна. Тэгэхэд хар хааны ордон гэж нэг л том хар уул бий. Уулын хормойгоор үзэсгэлэнт сайхан цэцэг бий. Түүн дээр гишгэж болохгүй. Нэлдээ хорт цэцгүүд юм. Уулын дундуур дан жимс бий. Түүнээс идэж болохгүй. Мөн л цөмөөрөө хор. Уулын оройд туждаа мөс байгаа. Түүнийг гэтлэх нэн бэрх. Ууланд гарах ганцхан зам бий. Тэр замыг чинь миний аягын чинээ алаг хав нохой чамд зааж өгнө. Ууланд чи лавтай гурван хоног мацаж хүрнэ. Уулын оройд чи өдөр гарч болохгүй. Шөнө гараарай. Зам дуусах нэгэн хөтөл дээр чулуу овоо байгаа. Тэнд чи нуугдах хэрэгтэй. Өндөр уулын ар шилээс нэгэн өндөр хүн гарч ирнэ. Тэр хүн бол хар санаат хаан юм. Түүнийг чи үзмэгцээ буудаж болохгүй. Хармагцаа хашгирч болохгүй. Үүрийн харанхуйгаар сүүдэгнэн явсаар өглөө болж нар тусахад гэртээ ирнэ. Хаалга татаж орохынхоо өмнө гурвантаа эргэж харна. 

    Гурав эргэж хараад нааш эргэхэд нь хоёр далных нь хооронд буудаарай. Хоёр далных нь хооронд эрхий дарам хар мэнгэ бий. Түүнийг л онож чадвал чи дийлнэ. Эс оновол эргэж ирнэ гэж санахын хэрэггүй. Ингээд би чамд өөрийнхөө гараар дархалсан бууг өгье гээд шилэн давхартаа дагуулан оров. Байшин гурван давхар хаалгатай,гурван давхар цоожтой боловч дотор нь гоц гойд юм юу ч байсангүй. Харин галан улаан цэцэгнээс дөлөн дусал нэгэн болор вааранд ганц нэгээр дусаж байх аж. Ода өвгөн чулуун цоожтой гантиг чулуун авдар нээж алтан замагтай, очир алмаасан овоо харатай нэгэн сайхан бууг гаргаж ирээд: 



    -Тэр дайсныг энэ зэвсэг л дийлж магадгүй. Түүнээс биш нум сумаар яасан ч дийлэхгүй. Миний буу бас зүгээр буу биш. Онох газраа зөв тохируулж чадсан бол гох нь дарагдана. Эс тэгвэл хөдлөхгүй. Миний бие тун их дорджээ. Би чамайг долоон сар хүлээж чадахгүй, долоо хоног л хүлээнэ. Энэ бууг би арван жил хийсэнюм. Хийгээдидийг нь үзэж чадахгүй нь дээ гэж харамсаж байсанюм. Чи азтай, би ч хувьтай хүн юм байна. 

    Орос ахынхаа шарилыг олоод яс нь махнаасаа мултарсан бол авч ирээд хэрэггүй. Гагцхүү гавлынх нь ясыг авч ирээрэй. Бие цогцос нь муудаагүй бол хав нохой нүүрийг нь долооно. Тэгвэл чи харлаг моринд нь дүүрээд ирээрэй. За ингээд хүү минь яв даа гээд элгэндээ тэврэн санаа алдав. Ихэр татан нулимсаа арчив. 

    Нарангэрэлт хүү Ода өвгөнтэй салах ёс гүйцэтгээд хав нохойгоо түрүүлүүлэн, эрхийн чинээ бялзуухайгаа орой дээрээ дагуулан исгэж алтанзамагт буугаа үүрч хар санаат хааны зүг явлаа. Уулын хормойн цэцгэнд орж ирээд нүд нь харанхуйлан сохрохыг шахав. Уулын бэлийн жимсэнд орж ирээд ухаан нь балардан унахыг дөхөв. Уулын оройн мөсөнд ороод хөл нь хөшиж,хөшөө болох аядав. 

    Ингээд Ода өвгөний захисан ёсоор уулын хөтөлд шөнөөр гарч үүрээр харвал Нарангэрэлтээс нэг дахин өндөр хүн, урд хар буу мөрлөн уулын шилээр гарч ирэв. Нарангэрэлт алтан замагт буугаа ар даланд нь онилон шагайж зэхтэл урт буут, өндөр хүн гэрийнхээ үүдэнд очоод гурвантаа эргэн хараад эргэх агшинд бууныхаа гохыг атгав. 

    Тэр хүн огло үсрэн эргэж Нарангэрэлтийг буудах гэснээ болив бололтой “Хэн намайг буудсан хүн түргэн хүрч ирнэ үү” гэж өндөр дуугаар нүргэлүүлэн хашгирав. 

    Нарангэрэлт “За би өнөөх мэнгийг нь оносонгүй. Одоо ч өнгөрчээ. Эх, эцгийн итгэл, эрдэмт өвгөний найдварыг биелүүлж чадсангүй” гэж өөрийгөө зэмлэхдээ үхлээс ч айсангүй. “Би буудсан юм аа” гэж хариу хашгиран бос ирэв. “Наашаа хүрээд ир” гэж дахин дуудсанаа буугаа хол чулуудан хаалганыхаа өмнө лагийн суув. Нарангэрэлт тийн сэтгэл ихэд догдлон шууд явсаар хүрч очив. 

    Хар санаат хаан аахилж уухилан: 

    -Энэ газар эндэлгүй хүрч ирэхийг бодоход ч аргагүй л сайн эр юм. Даанч чи намайг гэнэдүүлж дөнгөлөө. Ээжийг минь чи яасныг би мэдсэн. Би ер нь юунаас ч айж яваагүй. Чамайг нааш ирж явааг мэдээд би замд чинь олон саад тавьсан. Чи эрийн зориг, морины сайнаар туулж иржээ. Тэгээд энд нэвтэрч ирэхийг Ода өвгөнөөс өөр хүн мэдэх ёсгүй. Хэрэв чамайг хүрч ирээгүй бол тэр ухаант өгөр толгой бид хоёр цуг үхэх байсан боловч наад буунаас чинь айгаад халдаж чадалгүй өдий хүрсэн. Би чамайг дөнгөвөл дөнгөх л байна. Гэвч хоёр сайн эр нэг дор эрстээд яахав. Миний ээлж болог. Муу юм надаар дуусах болно. Чиний гэнэн, миний нүгэл хоёр нөхөж баршгүй юм. За би үхэх боллоо. Манайхаар ор хэмээн арай чамай босож Нэрэнгэрэлтийг дагуулав. Хар санаат хаан үзэсгэлэн гоё орд харштай аж. Үнэт үс, алт, мөнгө алив бүхэн өрөөстэй, хураалттай байна гэнэ. Хар хаан: 



    -Хүний хүссэн бүхэн энд бий. Чи юу дуртайгаа ав! 

    Миний ордон өргөөг эзлэн суусан ч болно гэхэд Нарангэрэлт үл тоомсорлон: 

    Надад юу ч хэрэггүй. Гагцхүү орос ах Вася минь л хэрэгтэй гэвэл: 

    -Тэр орос залууг би өөрийнхөө гараар алсан. Харин тэр үгүйлшгүй хурдан харлаг мориг нь би хайрлаад хадгалж байгаа. Миний зандан өргөөнд бий. Зүүн тийшээ гурван хонгил өнгөрөөд баруун тийш эргээд эхний хаалга. Ахын чинь шарил миний шүрэн өргөөнд бий. Доошоо шатаар бууж долоон хаалга өнгөрөөд найм дахь өрөөнд бий. Ах, морь хоёрыгоо авбал түргэн ав. Би үхэх нь, тун ч тэсэхгүй нь, түргэлж үз гэж шаардав. 

    Нарангэрэлт зүүн тийшээ явж харлаг морийг нь гаргахад морь үүрсэн шилгээв. Доошоо орж орос ахынхаа шарилыг үзвэл огтын янзаараа шинэхэн байх тул хоёр гар дээрээ өргөж авч гарав. Хар хаан сульдсан,тамирдсан дуугаар: 

    -За чи өөр юу ч авахгүй юм биз дээ? Уулнаас чи түргэн буух хэрэгтэй. Цаг алдвал аюул болно. Хорвоогийн муу бүхэн надаар дуусах гээд яарч байх шиг байна. Нарангэрэлт баатар минь баяртай. Одоо чиний замд юу ч саад болохгүй. Баяртай! Түргэлж үз. Би тун ч тэсэхгүй нь гэлээ. Нарангэрэлт ахынхаа шарилыг харлаг моринд нь дүүрэн уулын оройгоос нисэн бууж холдов. Хойно нь тэнгэр газар нийлэх мэт их чимээ нүргэлэхэд эргэж харвал хар хааны ордон-уул тэсрэн дэлбэрлээ. 

    Нарангэрэлт айх аюулгүй, шулуухан явсаар уулын орос өвгөн Ода хүрч ирэв. Ода өвгөн Нарангэрэлтийг угтсангүй. Суудаг өргөөнд нь орж ирвэл орон дээрээ мөнх нойрсжээ. Амьд мэндэд нь уулзаж чадаагүйдээ Нарангэрэлт харуусан хагацал, гуниг хослон байтал хажуугийн ширээндээрх захиаг нь олж харав. Захидлыг задлан үзвэл: 

    “Нарангэрэлт хүү минь, би чамайг тун ч хүлээж чадсангүй. Ертөнцийн жам ийм хойно яая гэхэв. Хэрэв чиний үйлс өлзийтэй бүтэж орос ахын чинь шарил бүтэн байсан бол миний шилэн өрөөнд орж болор ваартай цэцгийн шүүсийг ахынхаа аманд долоо дусаагаарай. Цаашид яахыг өөрсдөө мэднэ биз. Та нар явахдаа манай байшингийн дэргэдэх гурван царс модны дунд талын модонд нэгэн товчлуур бий. Түүнийг дараарай. Вася та хоёрын нөхөрлөлөөр хорвоогийнх үн төрөлхтөн замнах болтугай. Өвгөн Ода нь та нартайгаа үүрд салъя!” гэж бичжээ. 



    Нарангэрэлт шилэн өрөөнд гүйн орж болор ваартай дуслыг авч ирээд Вася ахынхаа аманд долоо дусаав. Эхлээд нүүрэнд нь туяа татав. Дараа нь бие нь бүлээсч эхлэв. Төдөлгүй хөдөлж эхлэв. Даанч их удалгүй нүдээ нээв. Тэгээд Нарангэрэлтийг харж дуу алдан босч ирж тэврээд “Би яасан их унтаа вэ?” хэмээн гайхахад “Та унтаагүй шүү дээ, үхээд босч байна” гэхэд Вася нээрэнтийм бил үү хэмээн Нарангэрэлтийг тэврэн үнсэж: 

    -Баярлалаа чамд. Би яамайг л миний хойноос ирэх болов уу? гэж бодсоор явсан юм. Бялзуухай минь хаана байна вэ? Харлаг морь минь хаана байна вэ? Чи үүлэн бороороо ирсэн үү? гэхэд шувуухай нь жигүүр дэлгэж, харлаг, бор морь хоёр нь үүрсэн унгалдан хүрч ирэв. 



    Тэд бүгдээрээ баярлан мэндэлцгээв. Ингээд нутаг орондоо буцах болж.Ода өвгөний ачийг шагшин шагшсаар гарцгаав. Өвгөний захисан ёсоор гурван өндөр царс модны дунд модонд байсан товчлуурыг дарав. Ода өвгөний сайхан байшин нь газар руу гэнэт шингэж оронд нь алаг цэцэгт ойн сайхан төгөл үүсэв. 

    Вася, Нарангэрэлт хоёр харлаг, бор хоёр морио унаж,хав, бялзуухай хоёроо авч, алтан замагт буугаа үүрэн нутгийн зүг хөлгийн жолоо залж гэнэ. 

    Үлгэр ингээд төгсөв. Ухаант дүү нар минь сайн бодоорой ! Орос Монголын ард түмний олон жилийн найрамдлын үлгэр энэ. Өөрөө би бүгдийг зохиогоогүй. Өвөг дээдсийн хэлсэн олон үлгэрийг санаж бичсэн минь энэ бөлгөө. 
    Эрт урьдын цагт гэнэ. Энэ дэлхий дээр Ганаа нэрт хүү өвгөн эцгийнхээ хамт амьдран суудаг байжээ. Эцэг хүү хоёрт эдлэл хөрөнгө гэж юу ч үгүй байжээ. Тэр хоёр ганцхан төмөр сүхтэй гэнэ. 

    Өвгөн эцэг нь өтлөх насандаа заяасан ганц хүү Ганаагаа дагуулан айлаас айл дамжин модоор юу хэрэгтэй болгоныг хийж амьдардаг байжээ. 

    Гэтэл нэг өдөр эцгийнх нь бие муудаж, хүүдээ ингэж захив. 

    -За миний хүү ! Аав чинь одоо үхэх боллоо. Миний хүү биеэ дааж амьдрах хэрэгтэй. Аав нь хүүдээ эд хөрөнгө үлдээж чадсангүй. Ганцхан энэ сүх л миний хүүгийн амьдралын нөхөр болно. Олон түмэн ард түмний хүүгийн амьдралын нөхөр болно. Тэднийгээ чи ямагт түшиж яваарай. Ядарч хэлмэгдсэн алив амьтанд чадлынхаа хирээр тус болж яваарай. Чамд ганцхан дайсан дайралдаж магадгүй. Тэр бол залхуу гэдэг аймшигтай зүйл юм. Залхуу бол хүний амнаас хоолыг нь булааж,хийморь цогийг нь мохоодог зүйл шүү. Биеэ нөөж жаргалыг горилвоос чамд юу ч олдохгүй. Харин чадал оюуныг шавхан хөлсийг дуслуулбаас хүссэн хүсэл биелэгдэн, жаргалын үүд нээгдэнэ.Хүний хоёр гаранд хорин зааны тэнхээ бий. Арван хуруунд арван арслангийн чадал бий. Оюун ухаанд огторгуйн одноос олон эрдэм бий. Хүнд тус болохдоо хөлс шангий нь бүү бодоорой. Өгснийг нь чамлалгүй авч яваарай. Бидний явж байсан энэ зөргийг дагаж яв. Гурван хоног яваад их замтай нийлэх болно. Цааш нэлээд явтал нэгэн тосгон бий. Тэнд чиний нагац Гавар дархан гэж өндөр хөх өвгөн бий. Түүнтэй чи амьдрах болно. Яс махны тасархай нь болохоор нагац чинь чамайг яагаад ч ад үзэхгүй гээд хайрт эцэг нь балчирхан хүүгээ үүрд орхин насан өөд болжээ. 


    Ганаа хүү нулимсаа хэрэвхураасан бол нуур болохоор уйлж,хайрт эцгээсээ хагацан хоцорчээ. Ингээд хайрт эцгээ нутаглуулж, сүхээ үүрч ойн зөрөг даган явав. Түргэн урсгалт горийнхөвөөнд амарч суутал сандарч тэвдсэн оготнуудын дуу сонсдов. Харваас, огогтнын хэдэн зулзага усанд живэх шаханхөвж явна гэнэ. 

    Ганаа хүү бушуухан босч бяцхан зулзагануудыг малгайгаараа утган уснаас гаргаж голын эрэг дээр тавихад тэдний заримынх нь амнаас ус годгодон, зарим нэг нь усаа шилгээн, годорхон сүүлээ хөдөлгөн сэтгэл нь амрах шиг болов. Даан их удаагүй байтал эх оготно нь гүйнирж зулзагнуудаа үнэртэж үзээд, Ганаа хүүг хэдэнтээ тойрч, хойд хоёр хөл дээрээ зогсон час, час хийн дуугарах нь “Танд их баярлалаа !” гэж байх шиг санагдав. 

    Эх оготно зулзагануудаа дагуулан өтгөн өвсөн доогуур шурган алга болов. Ганаа хүү цааш өдөрчийн газар явж,хээр хоноод өглөө эртлэн явж байтал хаданд хөлөө хавчуулсан гөрөөсний бяцхан янзага хар хамраа сарталзуулан, хоёр нүдээ бүлтэлзүүлэн байжээ. 

    Ганаа хүү өлсөж цангаж явсан боловч өчүүхэн тэр амьтныг өрөвдөхийн ихээр өрөвдөж, сүхээ хол орхин ойртож очвол янзага “Амь авар, утсан чинээ улаан гол минь таны л гарт байна” гэх шиг бөмбөлзөн байв. Хүү түүнд аяархан дөхөж очоод нурууг нь илж,хүзүүг нь маажиж тайвшруулаад, эцэст нь хад чулууг нурааж,хоёр хөлийг нь суллав. Янзаганы турьханхөл нь шалбарч цус асгарч байх тул агь, ганга шарханд нь нээж, бүсээ цуулан урж хоёр хөлийг нь боож өгөв. 



    -“Бяцхан янзага минь ижил сүрэг чинь хаана байна вэ? эхээ чи олох уу? Эсвэл надтай цуг явах уу? Эзэнгүй ойд чи эндэх вий, эвий минь” гэж хүнтэй ярьж байгаа юм шиг хүүрнэн өгүүлэхэд янзага Ганаа хүүг үнэрлэн эрхэлж өвчүү хүзүүгээ маажуулаад цовоо хөөрхнөөр дэгдэн цовхорч дүүлсээр одов. 

    Ганаа хүү сүхээ авч, бас л цаашаа одов. Хад бартаатай уулыг давах гэж, хамаг хүчээ барж дуусаад арай ядан амарч суутал элээ,хэрээ эвсэн нэг юм руу дайрах болж гэнэ. Хүү сандран ухасхийж “Хэнийг ингэж түйвээнэ вэ?” гэж тэр газар яарч очвол хүрэн могойн өндгийг тэд булаахаар шийдэж учир зүггүй дайрч байна гэнэ. Өндгөө хамгаалсан могой орох гарахаа олж ядан эвхрэн матиран сандарч байв. 

    Ганаа учрыг ойлгоод “Жигүүрийн хүчинд та нар дээрэлхэж, зүгээр байсан эд нарыг зовоох гэж, яасан шунахай амьтад вэ?” хэмээн амандаа үглэсээр элээ, хэрээ хоёрыг эргэж ирэхгүй болтол нь хөөж хэд алхсанаа санаа нь бас л зовж модны хэдэн гишүү цавчин жижигхэн урц босгов. 

    Айх аюул нь холдсон хүрэн могой тайвширч аймаар нүдээ зөөлрүүлэн Ганааг харан хэвтэв. Өндгөнд нь урц босгосонд учиргүй баярлан цогнолзов. Ганаа хүү могойг “баяртай” хэмээн далласаар цааш замдаа оров. 

    Ойн зөрөг тодорч дардан замтай нийлэв. Дардан замыг дагатал суурин тосгон харагдав. “Ашгүй, олонтой газар ирлээ. Ажил хийнэ дээ” гэж амарч хэсэг суув. Тэгтэл тосгоны наагуур урсах өргөн голыг даган өөд уруугаа олон хүн бужигналдав гэнэ. “Хэн нэг нь усанд унаж, хэрэг явдал болсон шиг байна. Миний тус хэрэгтэй байж магадгүй” гэж бодоод Ганаа хүү тийшээ очвол түшмэд, ноёд бухимдан, түмэн албат нь мэгдэн хар сахалт өндөр ноён хамгийг захиранхашгирах нь: 



    -Хааны гүнжийн алтан самыг харанхуй болохоос нааш олохгүй бол бүгдийг чинь энэ голд живүүлнэ ! гэнэ. Алтан самыг эрсэн усчин олон эрчүүл өргөн гол руу үсчин аль гүн рүү нь шумбана. Эрэг дээр хүлээсэн хүмүүс уснаас гарч ирсэн хүний гар руу гөлрөн ширтэнэ. Үд аль хэдийнээ өнгөрч нар хэвийжээ. Хар сахалт ноён хамаг олныг зандчивч дахиад орох тэнхэлтэй хүн даанч тэдэнд байсангүй. 

    Сүх барьсан Ганаа хүү олны өмнө гарч ирэв. Чухам хаахнуур эрэхийг цугларсан олноос асуув. 

    -Бяцхан хүү минь хэрэггүй. Бидний заяа орхиж. Хааны гүнжийн алтан сам харц бидэнд түйтгэр боллоо гэж өвгөн настангууд хорив. 

    Хар сахалт харин Ганаад дөхөж ирээд.: 

    -Эрийг бүү бас, далайг бүү янд гэдэг. Сам олоод ирдэг юм бол шан харамж хайрлахгүй. Хаан өөрөө амласан юм шүү, харай дүү минь ус руу! Азаа үз! хэмээн ятгав. 

    -Ганаа хүү олзонд болж ус руу зүтгэсэнгүй, олон ардын амийг бодож: 

    -Сүхийг минь харж байгаарай” гэхэд хар сахалт даажигнан: 

    -Миний муу төмөр сүх битгий хэл, гүнжийн алтан сам ус руу унаад яая гэж байхад, наад муу чинь үнэтэй юм биш, наанаа л хачихвал болоо биз гэж зандрав. 

    Ганаа хүү зоригоо чангалан биеэ хөвчилж их голын эрэг дээрээс эгц доошоо шумбан оров. Хурсан олон дуу алдацгааж “Хаанаас гараад ирэв ээ? Энэ хүү хатан зоригтой сайн эр юм. Нас нь даанч бага юм. Уснаас амьд гарах болов уу? Сам олох нь ч яамай. Өөрөө л амьд гараасай. Бидний төлөө энэ хүү амиа лав бүрэлгэв бололтой. Ус даанч гүнзгий гэж дуу шуу болов. 



    Хүү огт бараагүй. Нар уулын толгойд шүргэв. Ганаа хүү усандоогуур чулуу болгоныг бараг эргүүлж үзэв. Замар бүрийг ширхэглэж нэгжив. Өргөн тэр голын өөд уруу гурвантаа ингэж самнаад эцэс сүүлд эргүүлэг устай эргэнд шурган оров. 

    Хорвоогийн нар жамаараа шингэх цаг нь болов. Уулын цаагуур нарны тал алга болов. Уймарсан олон сандарч уйлан, хайлан шуугилдав. “хааны зарлиг хууль” гэж хар сахалт уурсан, хүн бүгдийн хүзүүнд хүнд чулуу дүүжлэв. 

    Усны эргүүлэг даанч хүчтэй. Ухаан алдам шуугиж байв. Ганаа хүү чадлаа шавхан эргүүлэг усыг нэвтэрч элсэн тохойг самардаж үзвэл өнөө сам нь гарт баригдав. Шүдээ зуун дээш зүтгэв. 

    Гэрэлт нарны гуравны нэг уулын цаанаас цухуйж байхад гартаа сам барьсан Ганаа хүү эрэг тийш ойртов. Усанд хаягдахаар заагдсан олон хүн уулга алдан зэрэг хашгирав. 

    Хар сахалт ноён: 

    -Харж байна уу, гайхлыг? Олоод ирлээ шүү. Одоо та нар чөлөөтэй гэж тас тас инээнэ. Хүнд чулууг хүзүүнээсээ мултлан хүмүүс тайтгаран санаа амрав. 

    Хааны гүнжийн самыг олсондоо хар сахалт баярлавч, хайр шангий нь алдана гэхээс харуусах сэтгэл төрнө. “Олны өмнө энэ хүүг хөхүүлж сайшаах нь зүйтэй. Ордонд очихоос өмнө гэж шүрэн бугуйвч шагная. Цугларсан олон тарсанхойно сүхийг нь ус руу шидчихье. Сүхэндээ тун хайртай юм билээ. Сүхнийхээ хойноос энэ заавал орно. Тамирдаж сульдсан энэ хүү дахиад уснаас гарахгүй. Хааны ордонд би ганцаараа очно. Хаан надад охиноо ч өгч магадгүй” гэж хар санаа агуулав. 

    Ганаа хүү уснаас ганхан дайван гарч ирэв. Хүмүүс түүнийг угтан гар дээрээ өргөв. Хар сахалт самыг нь авч эргүүлэн тойруулж шалгав. Тэгснээ тэр Ганааг булааж аваад хоёр гар дээрээ өргөн: 



    -Аяа, чи ёстой баатар эр. Чиний харьшгүй хүчтэй хатан бат зоригтойг чинь олон бүгдээр үзэж биширлээ. Чи хаан эзэнд минь хамгийн хүндтэй гавьяа байгуулж хайр хишгийг нь хүртэх хувьтай боллоо. Би чамд юуны өмнө шүрэн бугуйвчаа бэлэглэе гэж хуурамч магтаал өргөөд хурсан олныг тармагц: 

    -Хааны шагнал одоохон хүртэх чамд энэ муу төмөр сүх юуны хэрэг байх вэ? хэмээн хуйлран эргэлдэх их усын эргүүлэг тийш хайр эцгийнх нь үлдээсэн сүхийг нь чулуудав. 

    Хүү хар сахалтын гараас мулт үсрэн хайрт эцгийнхээ сүхний хойноос ус руу үсрэв. Хар сахалтын бах нь ханаж өвөртөө хийсэн алтан самаа дахин дахин дарж үзсээр хааны ордны хаалгаар хар хурдаараа давхин оров. 

    Хаан хатан хоёр охиноо дагуулан хар сахалтыг угтав. Агсам хөлгийнхөө амыг омогтой татаж, алтан самыг барьсаар мориноос буухад: 

    -Зориг самбаатай чиний алдрыг магтъя. Үүнээс хойш чи миний баруун гарын түшмэл боллоо гэж хаан зарлиг болгон өгүүлэв. 

    -Охины алтан самыг олж ирсэн чамд олон албатаар шагная гэж хатан нэмж хариулав. 

    -Баатар таны алдар бадраг. Баярлалаа ! гэж хааны гүнж самаа аваад хөөрөн баяссар ордондоо оров. 

    -Хаана төдхөн шадруудаа цуглуулж найрын ширээ засав. Хамгийн эхэнд хар сахалт, хаантай зэрэгцэн суугаад өөрөө л самыг олсон юм шиг аагтай дарсыгхөнтөрч байлаа. Өрөөл бусад нь атаархан шивэр авир ярилцаж байлаа. 



    Хүний хүчээр олсон магтаалдаа ташуурсан ноён ордонд тэгж наргиж байхад хөөрхий хүү Ганаа үхэл, амьдралтай өрсөлдөж байлаа. 

    Гүнзгий голын чимээгүй боловч аймшигтай, харанхуй эргийн доогуур хайрт сүхээ эрсээр байв. Нойтон элс,нялцгай замаг эсвэл хайрга чулуу тааралдана. Хоолгүй удаан явсан хүүгийн ходоод гэдэс нь тасрах шахаж, урсах устай хүчээ сорьсон хүүгийн тамир алдарч ухаан санаа нь орон гаран байв. 

    Нар хэдийнээ шингэсэн тул ус бас харанхуй, мөч өнгөрөх бүр хүүгийн бие хүндэрч байв.Тэгтэл гэрэлт загас хүрч ирээд Ганааг хэд тойрсноо “миний хойноос яв” гэх шиг сүүлээ хүчтэй шарваад өмнө нь орж хөдлөв. Ганаа араас нь дагаж сэлж алгуур урагшлав.Төдий хол явалгүй гүн эргүүлэг чиглэв. Гэрэлт загас түрүүлэн тэр зүг рүү оров. Араас нь Ганаа зориглож эцсийн хүчээ шавхав. 

    Эргүүлгийн дор сүх нь хэвтэж байхыг хараад Ганаагийн сэтгэл баясаж алжаал ядралаа мартаж, шалав түргэн шүүрч аваад эргэв. Хар ус шуугин хүрхрэн эргэлдэнэ. Хамаг хүч гарган Ганаа гарахыг хичээв. Толгой нь эргэн, дотор нь харанхуйлавч сүхээ чанга атгаж эргүүлэг уснаас гарах гэж эрдэм чадлаа үзэв. Ухаан нь балартаж үхэдхийн унах агшинд усан дотроос үзэсгэлэнт сайхан ордон урган гарч харагдав. 

    Тэр ордны очир алмаасан хаалгаар найман гоё хатан гарч Ганаа руу алгуурхан ойртож ирээд гар дээрээ аван өргөх шиг болов. Нэг л мэдэхэд, хамаг бие нь тас хөрч, дагжин чичрэв. Нүдээ нээгээд харвал одот тэнгэр дээр нь харагдав. Мод шигхөшсөн гараа арай чамай хөдөлгөж тэмтэрвэл гарт нь газар шороо тааралдав. Дахин цааш тэмтэрвэл сүх нь бас баригдав.”Ашгүй сүх минь байна. Би уснаас амьд гарч дээ” гэж бүдэг бадаг ухаарав. 



    Тэгтэл хүмүүсийн яриа алсад сонсогдов. “Та минь ээ ! Наашир. Нөгөөх хүү чинь энд хаягдчихсан байна. Амьд байна. Халуун цай... Дулаан дээл” гэх яриаг сонсоод Ганаа “Би бас л солиорч байна. Ер нь би эргүүлэгнээс яаж гарсанюм бол. Тэр гэрэлт загас тусалсан байж магадгүй. Энэ сонсогдож байгаа яриа жинхэнэ хүний яриа мөн байгаасай” гэж бодов. 

    Ганаа энэ удаа солиорсонгүй, жинхэнэ хүмүүс,хамгийн сайхан сэтгэлтэй хүмүүс түүнд туслахаариржээ. ооч сахал, шодон гэзэг хоёр нь бараг тэнцүү хатингар боловч чийрэг өндөр хөх өвгөн бүхнээс түрүүлэн: 

    -Бидний аминд орсон ачтай хүү хэмээн Ганаагийн аманд халуун цай цутгаж дулаан дээлэнд ороож тэврэн гэрийн зүг явав. Түүний араас хүмүүс эрсэн эрдэнээ олсон юм шиг л их л баяртай дагалдав. 

    Ганааг усны эргээс гэртээ авчирсан хөх өвгөн бол эцгийн нь зааж захиж явуулсан нагац ах дархан Гавар нь байжээ. Энэ цагаас эхлэн ганаахүү нагац ахындаа амьдарч өвгөн Гавар төмрийн дарх хийнэ. Ганаа мужаан хийнэ. 

    Нэг өдөр Гавар нагац нь хот руу орж ирээд: 

    -Хааных охиндоо ордон бариулах гэнэ. Хамаг урчуудад зар тараасан байна. Хамгийн сайхан ордон барьсан хүнд хаан охиноо өгөх гэнэ гэхэд: 

    -Ямар ордон юм бол? гэж Ганаа асуув. 

    -Ямар ордох гэх вэ дээ? Барьсан ордонг охин нь өөрөө сонгох юм гэнэ. Охины санаанд нийцсэн ордон барьж босгоно гэдэг хэцүү дээ. Чухам л уран гартай ухаан төгс хүнд л охиноо өгнө гэсэн санаа юм даа гэж Гавар өвгөн сахлаа имэрч ганц нэгээр тамхиа нэрэв. 

    -Би оролдоод үзвэл чадахгүй болов уу? гэж бүлтгэрхэн нүдээ эргэлдүүлэн зээ нь нагац руугаа ширтэв. Өвгөн Гавар инээмсэглэж ганаагийн толгойг илж: 

    -Эр хүний дотор эмээлтэй хазаарт морь багтдаг гэж, санадаг л санаа. Гэхдээ манай хааны охины санаанд нийцүүлнэ гэдэг маш бэрх. Хэрвээ чи эцгийнхээ хийж бүтээдэг эрдмийг үнэхээр өвлөж чадсан бол ч бас учир бий гээд өвгөн баахан бодлогошров. 

    -Үзээд алдахад яадаг юм бэ? гэж Ганаа зориглон хэлэв. 

    -За тэгвэл тэг. Эхлээд чи модоо сонгоно. Эцэст нь хэв янзыг нь бодно. Дараа нь барьж эхэлнэ. Би чамд тусална гэж өвгөн ам өгөв. 

    Ганаа ихэд баярлаж төмөр сүхээ авч ой модыг чиглэв. Өвгөн сэтгэл хөөрч хоол хүнсийг нь үүрүүлэв. Ганаа ууланд гараад нарс, царс,хуж, улиас гээд мод болгоныг шинжиж, сонжин гурван сар явав. Ганц нэгээр нь цуглуулсаар зүүн тэрэг мод бэлтгэв. 

    Энэ үед ноёд, баядууд олон олон мужаан дархчуулыг өрсөлдөн цуглуулж сайхан ордон босгож, хааны гүнжийг авахаар орондоо амрах завгүй олон тийшээ давхилдаж байв. 

    Хөрөнгө зоорио хайрлалгүй нэг нь нөгөөгөө давах гэж гоё ганган ордонг хэд хэдээр нь босгов. Түрүүлж барьсан заримыг нь сүүлд барьсантай харьцуулж “Цонх нь буруу байрлаж, дээвэр нь намхан болж, тэднийх шалыг нь царсаар хийж, эднийх хаалгыг нь алтаар эмжиж” гэж хурааж засч барьсаар жил болов. 

    хааны товолсон хоног хариугүй тулж ирэв. Ганаа хүү энэ үед модоо л дөнгөж цуглуулж байлаа. гагцхүү өвгөн нагац нь л түүнд тусална. “Ямар ордон барих вэ? гэж хоёул баахан зөвлөлдөөд эцэс сүүлд нь баяд ноёдын барьсанордыг очиж үзэв. Алтан мөнгөн чимэгтэй, янз янзын ордыг үзээд “Бид хоёрын санааны гарз, биеийн зовлон юм. Тэдний барьсан ордон гэдэг үнэхээрийн үзэсгэлэнтэй юм” гэж өвгөн ах нь зориг мохов. Ганаа хүү сэтгэлээр унан газар хэвтэнгунигт автав.”Харьж гэртээ буцъя” гэсэн нагацынхаа үгэнд орохгүй эзгүй хээр ойн чөлөөнд үлдэн хэвтэж хоцров. 



    Ганаа хүү ингэж хэвтсээр нам унтжээ. Үүрийн гэгээ манхайх цагаар сэрж өндийвөл өмнө нь нэгэн гөрөөс зогсож байна гэнэ. Ганаа нүдээ арчин гайханхарав. гөрөөс улам ойртон дэргэд нь тулж зогсоод хүний хэлээр ярив. 

    -“Амрыг айлтгая ачит хүү минь. Намайг та таньж байна уу?” Байц хаданд хавчуулагдан амь эрсдэх гэж байхад ач тусмаа үзүүлсэн ариун сэтгэлийг чинь мартаагүй. Одоо танд туслах миний ээлж болсон. Ордон босгох хэрэгтэй болж бүтэн жил зүтгэснийг чинь мэдсэн. Санаж бодсон зүйл чинь саадгүй гэнэт бүтнэ. Надад та итгээрэй.Хааны товосон өдрийн урд шөнө эндээ хоёул уулзъя. Гүнжийн сэтгэл татах ордонг түргэн барихад сүх чинь танд тусална” гэж гөрөөс хэлээд гэнэт алга болов. 

    Гайхсан Ганаа яаран босч эргэн тойрныг ажиглав. “Зүүд нойрны үзэгдэл үү, ид шидийн явдал уу? Эцгээ оршуулаад явж байхдаа хаданд хөлөө хавчуулсан янзгыг гаргаж тавьсан минь үнэн. Эцгий минь үлдээсэн эцсийн энэ хөрөнгө төмөр сүх минь ч тусална л даа” гэж Ганаа ганцаар ярив. 



    Хааны товлосон өдөр маргааш болно. Ойн тэр чөлөөнд ноёд баядууд хөлхөлдөн бусдыг дайчилж бариулсан ордон шилтгээнээ магтан өөрсдөө л босгочихсон юм шиг омог бардан байцгаахдаа хамаг юм нь з адгай, ганаахүүг шоолон “Хараач энэ мууг нусаа татаж чадахгүй байж ордон бүтээх санаатай” гэж хэлэхийн муугаар хэлж байв. Эмс охид нь шивнэлдэн ичгүүр сонжуур болгож байв.

    “Үнэхээр ч тийм дээ” гэж Ганаа баахан гутарсан ч шөнө болохыг хүлээхээр шүлэг нойрондоо умбав. 

    Анхилам агаартай ойн чөлөөнд амтат нойронд автаж байхад хангинуур сүхний дуу ойд цууриатсаар байх шиг,хаана ч байхгүй ордон шилтгээн сүндэрлэж ч байх шиг... 

    Ганаа гэнэт сэрвэл шөнө хэдийнээ өнгөрчээ. Үүрийн харанхуй өвч нөмөрч, юу ч харагдахгүй сандаргав. Сүхээ аваад босох гэтэл улайс халсан сүх гарыг нь түлтэл хайрав. Урагшаа алхам хөдлөх гэтэл өмнө нь хаалга тээглэв. “Юу билээ?” хэмээн эргэлзэж дороо азнатал юу юугүй үүр цайж гэгээ гэрэл тусав. Гэтэл шижир алтан дээвэртэй, үнэт эрдэнийн цонхтой гайхамшигт сайханордон гарцаагүй өмнө нь харагдав. 

    Гайхах, баярлах зэрэгцэн гараа чанга атгавал алганы цэврүү нь хагаран ус асгарч хорсов. Гэвч түүнийг тоолгүй ордны хаалгаар оров. Өрөө тасалгаагаар нь явж нүдээ баястал сонирхов. Өрөө тасалгаагаар нь явж нүдээ баястал сонирхов. Есөн эрдэнээр урласны зэсэн тасалгаанд ортол таг нь нээлттэй зандан авдар тосож өмнөөс нь ирэв. Авдар дотор байгааг авч үзвэл Ганаад таарах ганган хувцас, чамин эдлэл өвч бүрэн байв. 

    Муу хувцсаа тайлж, сайхан хувцсыг өмсөж сүхээ аван гарав. Ордны хаалган дээр үлгэрийн юм шиг хар морь эмээл хазаартайгаа дүүхэлзэнэ гэнэ. 

    Алс тэртээ замаар хаан заларч айсуй. Албат иргэд нь дагалдан сүр бараатай наашилна. Адаг сүүлд нь харин өвгөн нагац нь бараадан явааг олж танив. 

    Ганаа моринд мордтол гар дахь сүх нь хувирч очир алмаасан шигтгээтэй ум зандан ташуурб олов. Хар морь гүйдэлгүй жороо аж. Тавьж нэг үзэв, татаж нэг зогсоов. Тэгснээ хаан эзнээ угтахаар хазаарын жолоог залав. 

    Айсуй олон зогтусаж амрыг айлтган мэхийв. Хаан ихэд гайхаж, хатан ахайтан талимаарч, охин нь сүйхнээс цухуйн ойн цэцэг шиг найгав. 

    Хаан эзний тэргүүлсэн олны цуваа хөвөрсөөр ойн чөлөөнд барьсан орд харшийг сонирхов. Гүнжийн сэтгэлд таацвал тавих улаан алчуурыг хүмүүс ширтэв. 

    Барьсан ордонгуудыг үзэж дууссан ч хааны охин алчуураа хэнийхэд ч тавьсангүйд хаан эцгээс эхлээд хамаг ноёд түшмэд сэтгэл нь гонсойж зүс нь барайв. 

    -Эзэн дээд хаан минь, эндээс тун ч холгүй газар миний барьсан ордон бий. Үзэж ажаамуу! гэж Ганаа хүү зориглон хэлээд хар мориныхоо жолоог залав. 

    Хааны цуваа араас нь хөдлөв. Ганаа хүүгийнордонд хүрч ирэхэд охин тэрэгнээсээ үсрэн гарав. Гараа алдлан байж, баясан хэдэнтээ бүжиглээд гал улаан алчуурыг ордны үүдэн дэлгэв. 

    Морьтой нь мориноосоо бууж ширтэв, морьгүй нь өвдөг дээрээ сөхөрч ширтэв гэнэ. Хар сахалт ноён л “Адтай муу зулбасгыг дээ ! Алтан самыг чи л олж ирсэн. Алтан ордонг чи л барьж байдаг. Хааны гүнж чинийх болж байдаг!” гэж бодон х орсолдоо шатах шахаж байв гэнэ. Хаан Ганаа хүүд баяр хүргээд хуримын өдрийг зарлав гэнэ. Хурсан олон хөгжиж найр наадамд бэлтгэв гэнэ. 



    Маргааш хурим болно гэж байтал хааны охин Сарангоо гэнэт алга болж уй гашуу хоромхон зуурд тарж, уйтгар гуниг бүхнийг нөмрөв. Хаан хатан хоёр хайлж, нулимсаа барах шахав. “Миний охиныг олсон хүн л хань нь болох болтугай. Хаан ширээгээ би өгч,хамаг олныг захируулна” гэж арай ядан айлтгал тараав. Ард олон эрэлд мордов. 

    Ганаа хүү ч гал, ус харших мэт сэтгэлээр унаж,итгэл нь мөхөөд хуучин муу хувцсаа өмсөж, төмөр сүхээ аваад Сарангоо охиныг эрэхээр явав. 

    Хар сахалт ноён л хамагхэргийн эзэн байв. Найр болохын өмнөх шөнө юмсан. Хамаг олон унтаж амрах цагаар, хааны шадар түшмэлийн хувьд, ордны бүх түлхүүрээс охины өрөөнийхийг олж аваад, муур шиг сэм гэтэж, могой шиг чимээгүй мөлхсөөр, гүнж сайхан зүдэнд умбаж, зугаацаж байх үед аманд нь алчуур чихэж, алаг нүдийг дарж боогоод авч явсныг хэн ч мэдсэнгүй. Хар сахалт, Сарангоо охиныг сэм тохирч хэлэлцсэн ёсоор доод тивийн Болор эвэрт хааны хүү долоон голт эрээн Хэдгэнэ гэгчид далан тэрэг алтаар худалджээ. 

    Эрэлд явсан улс эргэж ирсээр байв. Сайхан төрсөн Сарангоо гүнжийн сураг чимээг хэн ч гаргасангүй. Хаан хатан хоёр уйлсаар л байв. Хамаг олон шаналсаар л байв. 

    Ганаа хүү Сарангоо гүнжийг эрж гучин хоног явж эрлийн үзүүр мухардаад, эцэст нэгэн чулуун дээр амарч суув. Эргэн тойрныг харж гөлрөв. Гэтэл зүүн өмнөх өндөр ууланд том агуй харлан үзэгдэв. Тэр зүг рүү яаран алхамв. Агуйн өмнө тулж очвол Сарангоо гүнжийн алчуур нь хэвтэж байна гэнэ. Агуй руу доошилсон замаар явбал, шив шинэхэн хэдэн дусал цус дуссан байна гэнэ. Ганаа хүү цусыг шинжиж, гарынхаа алга дээр тавьж үнэртвэл яах аргагүй Сарангоо бүсгүйн сайхан үнэр үнэртэж гэнэ. 

    Ганаа хүү агуйд шурган орвол адал явдалтай учирч гэнэ. Уул нь дандаа доошоо харсан, мод нь мөн л доошоо, ус нь харин дээшээ урссан үнэхээр сонин газар гэнэ. Ганаа тэнгэрээс зүүгдэх мэт модноос мод дамжин, хаднаас хад дамжин үсэрч наадан цаашлав. Гар алдаж,хөл хальтарвал,хөлгүй их далай юм уу, хөх цэнхэр тэнгэр ч юм уу, доор нь юу ч үгүй тул нэн аймашигтай гэнэ. 

    Хэдэн махчин бүргэд өехий, хөлөө дээшээ харуулан нисч ирээд Ганаагийн хөлнөөс нь шүүрэх гэж зовоов. Ганаа модноос хөлөөрөө дүүжлэн байж гараа суллаад махчин бүргэдүүдийн далавчийг сүхээрээ тас цохиж намнав. 

    Цаашаа нэлээд явтал толгойноос нь ирвэс идэх гэж ногоон нүдээ бүлтийлгэж, араа шүдээ ярзайлгаж архирч,хүрхэрч ирэхэд гараа алдан осолдохыг шахав. Ганц мөчир дээр тээглэн амь аврагдав. 

    Хайрт сүх нь хань болж халдах араатанг хөнөөв. Ингэж зүдэрч, тэгж зовж явтал хаанаас ч юм бүү мэд, үлгэрвэлэл хэдгэнэ шиг эрээн биетэй, зүйрлэвэл бар шиг тэнхээтэй бахим том эр Ганаа хүүг базан аваад хаана ч юм, нэгэн газар авч ирж,тансаг сайхан ордонд түлхэн оруулж гэнэ. 

    Нүд гялбам танхимын эхэнд гэрэл бадарсан түшлэгт сандалд сахал нь хэдэн алд урт бөгөөд цасан цагаан толгойдоо болор хоёр эвэртэй хаан заларч суув. Долоон голт эрээн Хэдгэнэ ихэд хилэгнэн.

    ”Энэ муу чигчийн чинээ хүү Сарангоо авхайн хойноос ирсэн байхгүй юу. Би уур хүрч золтой л тастаад хаячихсангүй хэмээн хүнгэнэсэн хөндий дуугаар өгүүлэхэд “Жижигхэн амьтанд эр бяр гаргавал нэрийн гутамшиг. Тэр газраас энэ газар хүрч ирснийг бодоход эрхийдээ эрчтэй, чигчийндээ чадалтай эр байгаа биз ээ. юу ч гэсэн эрдэм чадлыг нь сорьж үзье” гэж эрээн Хэдгэнэ хүүдээ Болор эвэрт хэлээд Ганаа хүүд хандаж “Хэрэв чи Сарангоо авхайг авах гэж ирсэн бол гурав хоногийн хугацаатай гурван бооц хийе. Өнөө шөнөдөө чи будаа ялгана. Эс чадвал толгойг чинь авна” гэж хэлээд мөсөн таягаараа зангав. 

    Хэдгэнэ хүүгийн хамт хэдэн зар нар Ганаа хүүг аваачиж нэг байшинд оруулаад: 

    -Энэ байшинд шар, цагаан будааг хийж хольсон юм. Өглөө болоход шар, цагаанаар ганцыг ч үлдээхгүйгээр ялгах ёстой. Хэрэв ялгаагүй буюу нэг ширхэгийг боловч нөгөөд нь хольсон бол маргааш чи толгойгүй болно” гэж Эрээн Хэдгэнэ хэлээд хаалгыг гаднаас нь цоожлов. 

    Ганаа хүү түүнийг ширхэг, ширхэгээр нь ялгаж эхлэв. Хичнээн хурдан ялгасан ч будаа гэдэг арвин, ядрах гэдэг жигтэйхэн. 

    Нэг мэдэхэд Ганаа хүү нам унтсан байлаа. Хамрын нүхийг нь ямар нэгэн юм сэрвэгнүүлэхэд цочин сэрэв. Нэгэн том хулгана өмнө нь цөмцойн суугаад: 

    -Ачит Ганаа хүү минь аварч биднийгээ өршөөснөө андуугүй сайн санаарай. Миний хэдэн зулзага тэгэхэд усанд сүйдэх шахсан юм. Та хэрэв туслаагүй бол тэд минь живэх байсан. Таны хайрта Сарангоо энд байгаа нь үнэн. Түүнийг долоон голт эрээн Хэдгэнэ нэрт хүн хүч түрэмгийлэн авчирч хүндэтгэлийнхээ ордонд цоожилсон. Одоо би танд туслах цаг болсон. Та юу ч гэсэн алжаасан биеэ амрааж унтах хэрэгтэй ! гэж хүний хэлээр хэлэв. 



    -Баярлалаа, хулгана минь. Тэгэхдээ би унтаж болохгүй. Өглөө болохоос өмнө энэ будааг ялгах ёстой. Тэгэхгүй бол болор эвэрт хаан өглөө болоход толгойг минь авна гэсэн гэхэд: 

    -Ганаа минь санаа зоволтгүй. Та ганцаараа энэ будааг ялгаж чадахгүй. Хулгана бид олуулаа. Хоромхон зуур ялгаж чадна. Ганаа хүү та амар. Тун их ядарсан байна гэж хулгана өрөвдөж хэлэв. 

    Ганаа хүү баярлаж байшингийн нэгэн буланд очиж унтав. Гэнэт сэрэхэд өглөө болжээ. Гадна хаалганы цоож дуугаран Долоон голт эрээн Хэдгэнэ орж ирэв. Тэр ялгаж овоолсон будааг хараад толгой сэгсрэн гайхаж: 

    -Ийм сүрхий хүн байдгийг үзэх нь бүү хэл дуулаагүй юм байна гэж дуу алдан гайхаад түргэн эргэж одов. 

    Дахиад л Ганааг Болор эвэртийнд аваачив. 

    -Цагаан, шар будааг чамаас өөр ялгах хүн үгүй биз. Эрдэнэ чадлыг чинь үзмээр санагдлаа. Элс гурил хоёрыг ялгуулна гэлээ. 

    Ингээд Ганааг бас л элс гурил холилдсон том байшин руу түлхэж хаалгыг нь цоожлов. Ганаа хүү уйтгарлаж “Одоо ч би өнгөрлөө. Гурил, элс хоёрыг ялгаж яасан ч дийлэхгүй” гэж бодон уйлан хайлан суув. Шөнө дундын үед хулганууд дахин ирж: 

    -Сайхан сэтгэлт ах минь санаа сэтгэлээ зовоогоод хэрэггүй. Унтаж сайхан амар. Ялгаж бид дөнгөнө. Алив ах минь амар. Ажилдаа бид оръё! гэлээ. 

    Ганаа хүү баярлан “Тийм жаахан тусыг ийм ихээр хариулах... хачин аа!” гэж бодоод байшингийн буланд хэвтэв. Өглөө сэрвэл өмнө нь элс, гурил хоёр эгэлгүй ялгарсан байв гэнэ. 

    Яг цагтаа Эрээн Хэдгэнэ нэрт “Одоо чи ч толгойгоо өгөхөөс аргагүй байх аа” гэсээр орж ирэв гэнэ. Гэвч Ганаа хүү элс, гурил хоёрыг гайхалтай сайхан ялгасныг үзээд: 

    -Ай чи хэцүү амьтан байна. Амьд явахад ийм юмыг үзэх нь бүү хэл, дуулсан ч удаа байхгүй. Хаан аавдаа хэлэх минь гэж харайн гарч одов. 

    Гурав дахь өдрийн өглөө Болор эвэрт дуудав. 

    -Элс, угил ялгаж чаддаг эрдэм ухааныг чинь үзлээ. Гурав дахь сорилыг давж чадвал гарцаагүй чамд Сарангоог чинь өгнө. Хэрэв эс чадвал бид толгойг чинь авахгүй. Бүх насаараа чи тэндээ байх болно гэв. 

    Долоо голт эрээн Хэдгэнэ нэрт хэсэг зарцын хамт Ганааг авч явлаа. Хаалга, цонхгүй тугалган байшинд хийж, оройг гаднаас нь цутгав. Түүний гадуур төмөр байшин давхарлаж хаалгыг нь гаднаас нь гагнав. Түүний гадуур ширмэн байшин барьж цоорхойг нь гаднаас нь ширээв. 

    -Эрдэмт сүрхий эр минь ингэж чи өнгөрөх нь тэр.Амьдаараа тугалга, төмөр, ширмэн авсанд орох чинь энэ. Сарангоо сайхан бүсгүй чинь миний болох нь энэ! гэж Эрээн Хэдгэнэ нэрт бардамнан, басамжлах нь бүдэг бадаг сонсогдож байв. 

    Ганаа хүү нэгэн хоногийг уйлж өнгөрөөв. Дараахь хоногийг дуулж өнгөрөв. Гуравдахь хоногт нь унтав. Тэгтэл шүлэг нойрон дунд нь шаржигнах чимээ гарах шиг болоход Ганаа хүн “Хэн бэ? Юу вэ?” гэж хашгирав. 

    -Би байна. Ганаа хүү минь харанхуй болохоор би таныг, та намайг харахгүй байна. Элээ, хэрээ хоёр өндөг рүү минь эрчлэн дайрч байхад биднийг та аварснаа санаж байна уу.Би тэр могой чинь байна. Таныг олох гэж тун ч их зовлоо. Ашгүй харин хулганууд хэл боллоо гэж сөөнгөдүү дуугаар ярив. 

    -Аа, одоо санаж байна. Та нар тэгээд намайг мартаагүй хэрэг үү? Энэ ширмэн, төмөр, тугалган гурван давхар байшинг чи яаж нэвтэрч орж ирэв ээ? гэж Ганаа хүү гайхан асуухад: 

    -Элээ, хэрээний аюулын өөдөөс таны сайхан сэтгэл нэвтэрч, эргээд ирэх вий дээ гэж халхивч хаалт барьж өгсөн ачлал чинь юутай ч зүйрлэшгүй байхад энэ тугалга, төмөр ширмийг нэвтлэх нь бидэнд юу ч биш шүү дээ гэж хариулснаа: 

    -За та сонс. Бид таныг эндээс гаргана. Өнөө шөнөжингөө гулсан мөлхөн хөрөөднө гэхэд: 

    -Та нарын хайрс тэсэх болов уу? гэж Ганаа хүү асуухад: 

    -Санаа зовох юмгүй. Бид өөрийг чинь багтахаар нүхэлж чадна. Тайван сайхан амрагтун гэлээ. 

    Ийм үгийг сонсоод Ганаа хүүгийн сэтгэл уужрав. Эргэж гарах найдвартай юм шиг санагджээ. 

    -Шөнө өнгөрч өглөө болов. Өдөр өнгөрч үдэш болов. Харуй, бүрий болж харанхуй эхлэх үеэр том хүрэн могой түлхүүр зуусаар орж ирэв. 

    -Өнөө шөнө бид таныг гаргаж лавтай чадна. Үзэсгэлэн гоо гүнжийн байгаа өрөөний түлхүүр энэ Та хоёрыг авахаар алтан эвэрт гөрөөс ирэхээд бидэнтэй тохирсон. 

    Болор эвэрт хааныг ямаан хорхой болгоё. Долоон голт Хэдгэнэ нэрийг жинхэнэ хэдгэнэ болгоё. Идтэй тийм “рашаан” надад байна. Энэ бүхнийг танд би амлая гэхэд: 

    -Баярлаа! Насан туршдаа мартахын аргагүй тусалсныг чинь үеийн үед дурсъя. Үр удамдаа захья гэж Ганаа хүү торомгорхон нүднээсээ том том нулимс дуслуулав. 

    -Уйлаад хэрэггүй Ганаа минь. Урьд шөнө би явж авга ахаасаа тусламж гуйсан. Аварга тэр ах минь ач хүчээ нэмэрлэе гэсэн. Одоо мөдхөн хүрч ирнэ. Айж та болохгүй шүү гэж аргадангуй дуугаар өгүүлэв. 

    Гурван давхар байшин дэнжигнэн хөдөлж алд урт хэл, араас нь аварга том могойн толгой орж ирэв. Хүрэн могой баярлан хүүгийн өвөр дээм мурилзав. Аварга могой толгойгоо хэд цогнолзуулснаа буцаад цааш гарав. Ганаа байтугай заан гармаар уйтан нүх үлдэв гэнэ. 

    Хүрэн могой төдхөн хүүг дагуулан гарав. Хүрэн могой алгуур мурилзсаар долоон голт эрээн Хэдгэнэ нэртийн өргөөндорж унтаж байгаа түүн дээр хэдэн дусал дусаав. Тэр үхэр хэдгэнэ болон ордон дотуураа дүгнэнэв. Хоёул цаашаа явж Болор эвэртийнд оров. Ганааг ормогц тэр давхийн босч ирэв. 

    -Би чиний булшнаас амьд мэнд гарч ирлээ. Одоо би Сарангоог авч болно биз дээ? гэхэд урт сахлаа намируулан байж, уур омгоо давхцуулан байж: 

    -Чам шиг идтэй амьтан хаана ч ердөө байхгүй нь. Бушуу тэр эмээ авч манай эндээс зайл! гээд буурал сахлаа ширвэн цас мөсөөр шидлэв. 

    -Болоогүй нөхөр минь. Сүхээ би энд орхихгүй. Миний сүх хаана байна ? гэж эр зоригтой асуухад, зоослон матирч байгаа хүрэн могойг хараад Болор эвэртийн зориг,хилэн нь намдаж: 

    -Тэр муу сүхээр яах юм бэ? Оронд нь үүнийг ав гэж алтан сүх шидэв. Авсангүй, мөнгөн сүх шийдэв. Авсангүй. Болор сүх шидэв. Авсангүй. Эцэст төмөр сүхийг нь өгөв. 



    Ганаа хүү төмөр сүхээ авмагц хүрэн могой “рашаан” шүршив. Хаан ямаан хорхой болж далавчлав. 

    Ганаа хүү могойгоо дагаж цааш явсаар Сарангоо сайхан гүнжийн байгаа өрөөний үүдийг нээв. Сарангоо гүнжийн хацар, мөр нь хүрэн эрээн,хамар амнаас нь цус урсчээ. 

    Ганаа ухасхийн түүний дэргэд очив. Могой авиран дэрэн дээр нь гарав. Сарангоо гүнжийн хамаг бие нь хөрчээ. Зүрхийг нь чагнаж үзвэл зүрх нь таг зогсчээ. 

    Айж, харууссан Ганаа “Одоо яах билээ?” гэсэн шиг могой тийш харав. Могойн байсан газар шүрэн толгойт мөнгөн болжмор жигүүрээ хэдэнтээ хөдөлгөснөө амнаасаа гурван сувдыг гүнжийн аманд унагав. 

    Гүнж нүдээ нээлээ. Ганааг хараад уйлав. Тэгснээ тэврэн авав. Тэр хоёр ордноос гарав. Хэдгэнэ, ямаар хорхой хоёр тэр хоёрыг тойрон дүгнэв. 

    Мөнгөн болжмор үлдэн хөөж мань хоёрыг хавьтуулсангүй. Хаалгаар тэднийг гарч ирэхэд алтан эвэрт гөрөөс, ардаа сүйх тэрэгтэй, агаарт дүүлэн зогсоно гэнэ. Гүнж, Ганаа хоёр сүйх тэргэнд суув. 

    Алтан эвэрт гөрөөс агаарт дүүлэн нисэв. Сайхан сүйх тэрэг нь сансарт хөөрөн гарав. Сарангоо, Ганаа хоёр бие биесийг чанга тэврэн, сайхан алаг нүдээ хоёул зөөлхөн аньж, цохилох зүрхэндээ хайр жаргал бялхуулж явахдаа урт зам туулсныг алтан эвэрт гөрөөс сүйхнээс салсныгтэгээд хоёулаа хаан эцгийнхээ ордны үүдэнд ирж зогссоныг мэдсэнгүй, анзаарсангүй гэнэ. 

    Хайр охиноо алдаад гурван жил болсон хаан, хатан хоёр баярт мэдээ ирэв. Ордон даяар бужигнаж бөөн шуугиан дэгдэв. Хаан аав,хатан ээжийн халуун нулимс хацар дээр нь дусахад хоёул гэнэт сэргэв. 

    Хөөрөн баярласан хаан төдхөн найр зарлав. Үзэсгэлэн гоо гүнж хуримын хувцсаа өмсөв. Ойн чөлөөний сайханордонд олон хүн цугларав. Хаан хатан хоёр дундаа Ганаа, Сарангоо хоёрыг суулгав. Хааны баруун гар талд Ганаагийн Гавар нагац суугаад нүднээсээ баярын нулимс мэлмэрүүлэн нүүрэнд нь гэрэл туяарч байв. 

    Хатны зүүн гарт хар сахалт ноён суужээ. Хуран цугларсан олныг хэдгэнэ, ямаан хорхой хоёр ирж үймүүлэв. Энэ үед бас шүрэн толгойт мөнгөн болжмор ирж, Ганаагийн мөрөн дээр сууснаа найрын эхний дугараа эхлэхэд хар сахалт ноёны толгой дээр буутал Хар сахалт тэрхэн зуур,хар батгана болж хувирав. Батгана, хэдгэнэ, ямаан хорхойг хүмүүс хөөж зайлуулав. 

    Ганаа хүү төмөр сүхээ өргөн хөдөлмөрийн алдрыг дуулав. Хүн болгонд нэг нэг төмөр сүх бэлэглэв. Түүнээс хойш хүмүүс хэзээ ч алтан сүх хэрэглэсэнгүй. Үрээс үрд залган, үеэс үе дамжин төмөр сүх хүний хүчит зэвсэг болж одоо хүрсэн нь энэ байжээ. 


    Эрт урьдын цагт энэ явдал болсон юм гэнэ билээ. 

    Нэгэн ноён байж гэнэ. Түүний Мичид марал гэнэ. Тэр хаан туурга нэвт туяатай,тунгалаг улаан хацартай, гэр нэвт туяатай, гэрэлт улаан хацартай, гишгэсэн газраас нь навч цэцэг дэлгэрч,инээмсэглэн харахад нь наран саран мандах лугаа адил бүхнийг баясгасан үнэхээр үзэсгэлэнтэй сайхан төрсөн нэгэн охинтой юмсанжээ. 

    Хааны тэр охиныг Мөнгөнсаран гэж нэрлэдэг ажээ. Мөнгөнсаран нэрт охин хөлд орж,хэл сурсан цагаас эхлэн адуучин Асралтын Хасар гэгч хүүтэй тоглон дасч үерхсээр арван найман насыг хүрчээ.

    Мөнгөнсаран Хасар хоёр бие биендээ туйлаас хайртай тул өчүүхэн ч холдохыг хүсдэггүй байжээ. Ноён эцэг энэ байдалд эрс дургүйцэж адуучин Асралтыг алс газар нүүлгэхээр болжээ. Аргагүйн эрхэнд салж нүүх болсон охин хүү хоёр хагацаж ядан салахдаа, нэг нэгэндээ дурсгал солилцжээ. 

    Арван тавны сар агаарт мандсан шөнө, мяралзан урсах голын хөвөөнд сууж Мөнгөнсаран охин: 

    -За Хасар минь, чи бид хоёр мөд уулзаж чадахгүй боллоо. Чи бид хоёрын уулзах эсэхийг эцэг л мэдэх болно. Гэхдээ чи бид хоёр бие биеэсээ мартах ёсгүй. Хэзээ нэгэн цагт уулзаж магадгүй. Тэр үед бид хоёр бие биенээ танихгүй том болсон байх биз. Аз болж амьд уулзвал гээд алиалан тоглож өссөн алтан, мөнгөн шагайгаа гаргаж, Хасарт алтан шагайгаа өгөөд: 

    -Үүнийг чи ав. Би мөнгөн шагайг нь авъя. Чи миний алтан шагайг сар бүрийн арван тавны сарны гэрэлд харж байгаарай. Тэр цагт хэрэв би сайн явбал алтан өнгө нь гялалзан гэрэл цацарна. Надад ямар нэг золгүй явдал болох бол төмөр шагай болно. Тэгээд хожим нь уулзахдаа хоёулаа энэ хоёр шагайгаар тэмдэг хийж уулзъя гэж хэлэв. Хасар түүнийг баярлан аваад: 

    -Аав чинь алтан шагайгаа яасан бэ? гэж асуувал чи юу гэх вэ? 

    -Усан унагачихаад ослонгүй л гэж хэлье. 

    -Чамд их баярлалаа. Чин сэтгэлээсээ баярлалаа! гээд бяцхан морин хуур хөгжим гаргаж: 

    -Миний аав бол адуучин хүн. Танай ай түмэн адууг малласаар нас нь өтөлж, нуруу нь бөгтийлөө. Эцсийн эцэст энэ нутгаас нүүж хол нутагт хөөгдөж явлаа. Чи сайхан дуулдаг болохоор хөгжим хэрэгтэй гэж аав минь арван жил урлаж, ээж минь дөрвөн жил хээлсэн энэ хуур хөгжмийг чамд бэлэглэе. Энэ бол ганц минийх ч биш, ээж аав бид гурвын бэлэг юм. Энэ хуур хөгжимд орохгүй ая, дуугарахгүй дуу авиа гэж байхгүй. Хуурын утсанд хөвч нь хүрмэгц хүссэн аялгуу яруусан эгшиглэх болно гэж Хасар Мөнгөнсаранд хуур хөгжмөө өгөв. 

    Тэгээд тэр хоёр нар мандаж цэцэг цомирлогоо дэлгэх хүртэл хагацан ядан сууцгааж хоёр тийшээ салж явав. Адуучин Асралтынхыг нүүснээс хойш Мөнгөнсаран охин ид шидийнтэр хуур хөгжмийг гэгэлзүүлэнхэн хуурдаж уянгын сайхандууг уйлтал, хайлтал дуулдаг болжээ. 

    Тэр сайхан дуу хөгжмийг нь бүргэд шувуу нисэж явснаа агаарт тогтон сонсож, хун шувууд халуун орондоо буцахаа мартан чагнаж, дархан хүн далайж байсан алхаа буулгахаа мартан сонсож, нар саран шингэхээ саатан сонсдог авай. 

    Адуучин Асралтынхныг нүүгээд даан их удаагүй байтал Мөнгөнсаран охин хөл хүнд болжээ. Ноён эцэг нь “Адгийн муу Асралтын Хасараас л боллоо” гэж уурлан бухимдах боловч охиндоо туйлаас хайртай тул яаж ч чадсангүй. Гэтэл Мөнгөнсаран амаржих цаг ойртох тутам бие нь мууджээ. Хол ойроос эмч отчийг цуглуулсан боловч хэн нь ч тус болсонгүй. Ингээд хаврын нэгэн орой Мөнгөнсаран бүсгүй нас барав. 

    Ноён хатнаас эхлээд, харц албат цөмөөр уйлан хайлан гашуудаж гэнэ. Ухаан санаагаа алдаж гэнэ.Нар хиртэн уулын цагаар орж гэнэ. Нарс модод навчаа шидлэн унагаж гашуудаж гэнэ. 

    Ингээд ноён эцэг хайр охиноо шороонд булж бунхалъя гэсэн ч “Алтан сайхан цогцос нь дээр нь хар шороо хаяад яахав” гэж хайрлажээ. Өндөр модонд өлгөе гэсэн ч “Үнэт ариун цогцсыг нь үүрд дүүжлээд яахав” гэж өрөвджээ. 

    Тэгээд эцэст нь мэргэн арга олж алтандотортой төмөр авдранд хийж арвин далай зорих их гол тавихаар шийджээ. Ноён охиныхоо цогцсыг хамгийн гоёор хувцаслаж авдарлаад,хамт түүнтэй хуур хөгжим, мөнгөн шагай хоёрыг нь хийж: 

    -Миний охин мөрөн голыг дамжиж хөвсөөр, их уст далайд хүрээд авдар сав нь зад үсэрч, агаарт зулзгаа дагуулсан хүн болон нистүгэй. Тэгээд аз заяагүй аав ээждээ жилдээ нэг л удаа жигүүрлэнхэн ирэх болтугай гэж хоёр нүднээсээ хорголоын чинээ нулимс унаган охиныхоо шарилыг ургахын улаан нарнаар ус ихт мөрөнд тавьжээ. Авдартай шарил аажмаар хөвөн хөвсөөр, алслан холдов. 

    Их мөрний хөвөөнөө хотны хэдэн богтой, унааны ганц морьтой эмгэн өвгөн хоёр айл болон амьдарч, аж төрөх суудаг байжээ. Өвгөн мөрний хөвөө даган яндан буурал морио унаж хол ойрыг сонирхон явтал алс тэртээгээс авдартай юм хөвөн айсуйг хараад гэрийн зүг байдаг чадлаараа хурдлав. Өсөхөөс аваад өтөл насыг хүртэл өвгөнөө ингэж яарч явахыг хараагүй эмгэн нь ихэд сандарч өвгөнөө тосон очоод: 

    -Юу болов? Айх аюул ирээ юу? Адгуу хэрэг гараа юу? хэмээн асуухад өвгөн нь их л баяртайгаар: 

    -Юу болохыг мэдээгүй ээ. Энэ мөрөн дагаж нэгэн авдартай юм айсуй. Дээд тэнгэр өршөөж буян хишиг хайрласан ч юм уу? Хоосон авдар лав байх ёсгүй. Хоёулаа гаргаж авахыг бодъё гэхэд: 

    -Ээ дээ юу л бол доо. Эд хөрөнгө ч яваа юм бил үү? Эсвэл ад чөтгөр ч хийж аргаа барахдаа усанд тавиа юм билүү гэж эмгэн нь баахан тээнэгэлзэв. 

    Эцэст нь тэр хоёр авдартай юмыг татаж авахаар шийдэж аргамж дээс бэлтгэж өвгөн нь усанд сэлэн орж гэнэ. Эмгэн нь аргамжныхаа нэг үзүүрээс барьж үлдэж гэнэ. 

    нэн ч их удалгүй авдартай юм хөвж ирж гэнэ. Өвгөн барьж авах гээд чадалгүй ус самардаж гэнэ. Дахиад хоёноос нь гүйцэж очоод дараад авсан чинь хөмөрч гэнэ. Энэ байдлыг харж зогссон эмгэн нь ихэд айж, усны тэртээ эрэг дээрээс: 

    -Хүүе чи минь болиоч дээ. Наад авдар дотор чинь лав амьтай голтой аюулт амьтан байх шиг байна шүү. Орхиод бушуухан гараад ирээч ээ ! гэж хашгирахыг өвгөн огтхон ч сонссонгүй, авдартай юмтай хөөцөлдсөөр байж арайхийн нэг барьж авч гэнэ. 

    Татлага уяагаар баглаж аваад эмгэн нь голын эргээс татаж, өвгөн нь араас нь түлхэж нар шингэх алдад авдартай юмыг гаргаж гэнэ. Хоёул авдрыг тойрон чихээ тавьж чагнаж гэнэ. Эцэст өвгөн ам нээж: 

    -Ээ дээ, чи бид хоёрт эзэн тэнгэр их юм хайрлах шиг боллоо. 

    -Чухам аа, чухам. хүнд гэдэг нь чулуу шиг юм . Гурил байвал норчихсон болов уу? гэж эмгэн инээмсэглэхэд өвгөн усаа шавхарч: 

    -Энэ дотор лав эрдэнийн чулуу юм уу, алт, мөнгө байгаа байх. Авдар нь хичнээн гоё юм бэ? Тааруухан юмыг ч энэ дотор таглаж хийнэ гэж ч байхгүй дээ гэж сэтгэл догдлон өгүүлээд түрдэг тэргээ авчирч авдартай юмаа аяархан гэгч тавьж гэртээ авч ирж гэнэ. Төмөр авдрын цүү, цуургыг тэгээд тун ч болгоомжтой онгойлгож гэнэ. Эхлээд эрдэнийн сайхан чулуугаар чимэглэсэн эхнэр хүний өмсгөл гарч байна. 

    -Эс хэлээ бил үү? гэж өвгөн ихэд баярлаж гэнэ. Дараа нь зүйл зүйлийн торго дурдан, боодол боодлоор гарч гэнэ. 

    -Ээ дээ мөн азтай юм аа гэж эмгэн


    Үзсэн тоо:1007