Боловсролын байгууллага - Сургуулийн хөгжил - Хичээлийн агуулга

    Багшийн ёс зүйн зөрчлийг хүмүүнлэг хандлагын үүднээс шийдвэрлэх нь


    Багшийн ёс зүйн зөрчлийг хүмүүнлэг хандлагын үүднээс

    шийдвэрлэх нь

    /Эссэ/

    “Ёс зүй бол итгүүлж,

    үнэмшүүлэх шинжлэх ухаан”

    И.Кант

                Ёс зүй бол том бас эмзэг сэдэв. Аль ч цаг үед ямар ч нийгмийн өмнө тулгамддаг мөнхийн асуудлууд гэж байх ба түүний нэг нь нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээнд өөрийнхөө биеэ авч яваа байдлаа захируулахыг шаарддаг, үндсэн мөн чанараараа бичигдээгүй  хуулийн шинжтэй байдаг ёс зүйн асуудал юм. Тухайн мэргэжлийн ёс зүй тэр дундаас багшийн мэргэжлийн ёс зүй гэдэг бол багш бие хүний талаар тухайн цаг хугацаа, орон зайд нийтээр хүлээн зөвшөөрсөн итгэл үнэмшил, хэвшсэн соёлд багш өөрийнхөө биеэ авч яваа байдлаа захируулах,  мэргэжлийн нэр хүндээ гутаахгүй байх, цаашлаад өргөхтэй холбогдсон харилцааг ойлгодог.

                Харин хүмүүнлэг үзэл гэдэг нь хүн мөн чанарынхаа хувьд төрөлхөөсөө “сайн” бөгөөд амьдрал, үйл ажиллагааныхаа явцад буруутай үйлдэл хийдэг хэдий ч түүнийгээ ухааран ойлгож, ухамсарлах бололцоо олгож, туслалцаа үзүүлж, дэмжсэн тохиолдолд эерэг үр дүнд хүрч, хүнийг төлөвшүүлэх боломжтой гэж үздэг орчин үеийн шилдэг хандлагуудын нэг юм.

                Ёс зүйн харилцааны хамгийн гол анхаарал татдаг хэсэг нь ёс зүйн зөрчил үүсэх, түүний үндэслэл, учир шалтгаан, зүй тогтолыг нягталж тодорхойлон дүгнэлт гаргах, шийтгэл оногдуулах, түүнийгээ хэрэгжүүлэх, явцад нь хяналт тавих, дуусгавар болгох асуудал байдаг бөгөөд энэ харилцаанд хүмүүнлэг хандлагаар зөв хандаж чадсанаар тухайн ёс зүйн зөрчлийг бодитойгоор шийдвэрлэж, шалтгааныг нь таслан зогсоож ёс зүй зөрчсөн этгээд буруутай үйлдлээ ухамсарлаж, цаашид давтахгүй байх, бусдад үлгэрлэл үзүүлэх боломж бүрддэг байна. Бид ёс зүйн зөрчил, дутагдал гаргасан багшийн асуудлыг шийдвэрлэхдээ дараах хүмүүнлэг зарчим, хандлагуудыг харгалзан үзэж шийдвэрлэх санал дэвшүүлж байна.

    1. Ёс зүйн зөрчил бий болсон сэдэл чухал болох нь.

    Багшийн ёс зүйн дүрэмд заасан хэм хэмжээг ажил, үйлчилгээ явуулах явцдаа зөрчиж буруутай үйлдэл хийсэн багшийг ёс зүйн зөрчилд татах бөгөөд энэ буруутай үйлдэл нь сэдлээр тодорхойлогдоно. Багшийн ёс зүйн зөрчил үйлдэх үндсэн нөхцлийг үүсгэж байгаа сэдэл нь санаатай ба санамсаргүй гэсэн 2 үндсэн хэлбэртэй байх бөгөөд зөрчил бүр ямар сэдлээр үүсгэгдсэнээс үл шалтгаалан тодорхой хор нөлөөтэй хэдий ч бид тодруулан авч үзэх шаардлагатай гэж үздэг.

    А. Санаатай сэдлээр үйлдэгдэж байгаа ёс зүйн зөрчил нь зорилго, чиглэл, зохион байгуулалттай , нилээдгүй далд хэлбэртэй, зарим талаар төлөвлөгдсөн, урт удаан хугацааны туршид үйлчилж байдгаас аль аль талдаа /зөрчил үйлдэгч, хохирогч, зөрчлийг хянан шийдвэрлэгч/ анзаарагдах чадвараа алдаж, анхаарлын төвөөс гадуур байдаг боловч хорт нөлөө нь хэмжээлшгүй байх магадлалтай. Тухайлбал: “Их, дээд сургууль, коллежийн багшийн мэргэжлийн ёс зүйн ерөнхий дүрэм”-ийн ихэнх хориглосон ёс зүйн хэм хэмжээнүүд сургуулийн орчинд зарим талаар түгээмэл шинжэй зөрчигдөж байгаа нь ажиглагддаг.

    Б. Харин санамсаргүй сэдлээр өдөөгдөж бий болсон багшийн ёс зүйн зөрчил нь ихэнхдээ нэг удаагийн тухайн хүний буруутай үйл ажиллагаанаас үүдсэн зорилго, чиглэл, зохион байгуулалтгүй, илрэл нь тод, хор нөлөө нь харьцангуй богино цаг хугацаанд үйлчилдэг аль аль талдаа ойлгогддог, ёс зүйн зөрчил гаргагч багш өөрийн буруутай үйлдлийг ухаарсан байдгаар тодорхойлогдоно. Ямар сэдлээр үүсгэгдсэн зөрчил илүү хортой хийгээд түүнд хэрхэн хандах вэ? гэдэг асуултыг нээлттэй үлдээе.

    2. Яагаад ийм шийтгэл оногдуулсан нь тухайн хүндээ ойлгогдсон байх. Өөрөөр хэлбэл тухайн шийтгүүлэгч багшийн дотоодод аль болох бага зөрчил үүсгэх. Хүмүүнлэг хандлагын үүднээс тухайн багш өөрөө зайлшгүй буруутай үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээж байгаагаа ухамсарлах, ухамсарлуулах, нөгөөтэйгүүр тухайн ёс зүй зөрчсөн үйлдлийн сэдэл, шалтгаан, орчиндоо үзүүлсэн хорт нөлөөллийн хэмжээ, ёс зүй зөрчсөн багшийн үйлдлээ ухамсарласан байдал зэргийг харгалзан тохирсон шийтгэл оногдуулах нь гүтгэлэгт автуулж сэтгэл зүйн  бэрхшээл учруулах эрсдэлээс хамгаалж цаашид дахин ёс зүйн зөрчил дутагдал гаргахгүй, бусдад үлгэрлэл үзүүлэх гол үндэслэл болох юм.

    3. Аливаа шийтгэл нь хүний төрөлхөөс нэр хүндтэй байх халдашгүй эрхийг нь үгүйсгэхгүй, гутаан доромжлохгүй байх. Хүмүүнлэг хандлагын үүднээс сайн, муу үйлдэл гэж байхаас сайн муу хүн гэж үгүй. Багшийн ёс зүйн харилцаан дээр тухайн багшийн мэргэжлийн ёс зүй зөрчсөн үйлдэлд шийтгэл оногдуулахдаа Үндсэн хуулиар баталгаажсан нэр хүндтэй байх хэрэгцээг нь хөндөхгүйгээр зөвхөн тухайн тэр буруутай үйлдэлд нь шийтгэл оногдуулах нь шийтгүүлж байгаа хүндээ жинхэнэ шийтгэл болж тусдаг буюу бие хүний дотоодод зөрчил үүсэхгүй байх нөхцөл бүрдэж буруутай үйлдлээ бодитойгоор хүлээн зөвшөөрөх, гэмших, дахин давтахгүй байх боломжийг бүрдүүлж, хувь хүний цаашдын хөгжилд нь эерэг нөлөөллийг үзүүлж байдаг.

    4. Тухайн нэг ёс зүй зөрчсөн үйлдлийн төлөө шийтгэлийг давхардуулж оногдуулахгүй байх. Шийтгэлийн цаад мөн чанар нь хүмүүнлэг ёсны үүднээс буруутай үйлдлээ ухаарах, дахин давтахгүй байх, бусдад үлгэрлэл үзүүлэхэд  анхаарч буруутай эсэхийг тодруулж судлахаас эхлээд шийтгэл дуусгавар болох бүхий л цаг хугацаанд тухайн хүний бурууг ухааруулж засаж залруулах үйлдэл хийгдэж байгаагаар тодорхойлогддог. Журамд заасан зохих шийтгэлийг оногдуулсан бол түүний зэрэгцээгээр өөр олон хувилбар хэлбэртэй, /заримдаа хувийн чанартай/ шийтгүүлж байгаа хүндээ ойлгомжгүй шийтгэлийн аливаа хэлбэрийг хэрхэвч хэрэглэж болохгүй бөгөөд давхардуулан олгох шийтгэлийн хэлбэрээс аль болох зайлсхийж, ийм боломж олгох орчин бүрдүүлэхгүй байх.

    5. Хүмүүнлэг хандлагын үүднээс шийтгэл гол биш бөгөөд түүнийг цаашид давтахгүй байх арга замыг зааж өгөх, ёс зүйн алдаа дутагдал гаргасан багшийн амьдрал үйл ажиллагаанд хяналт тавьж, дэмжлэг үзүүлдэг байхыг чухалчилж чадвал багшийн ёс зүй дараагийн цаг хугацаанд харьцангуй өндөр түвшинд төлөвшиж, бусад багш нарт ч айдасын гэхээсээ сургамжлах, ухааруулах, өөрийн үйлдлээ хянах, зохицуулах, ямар үйлдэл буруу ямар үйлдэл зөв болох ялгамжийн мэдрэмж төрүүлдэг аж.

     

    6. Ёс зүйн зөрчилд оногдуулсан шийтгэл нь тухайн цаг үедээ үйлчлээд бүрэн дуусгавар болдог байх. Хэрэвээ ёс зүйн зөрчил дутагдал гаргасан багшид оногдуулсан шийтгэл нь хүмүүнлэг шинжтэй байгаа бол тодорхой заагдсан хугацаандаа үйлчлээд дараагийн цаг хугацаанд тухайн хувь хүний ажил, амьдрал, үйл ажиллагаа, нэр хүндэд нь сөргөөр нөлөөлөхгүй байх нь чухал буюу  энэ нь цаашид тухайн ёс зүйн зөрчилд холбогдсон хүний хүмүүжил, зан үйлийн харилцаанд эерэг хандлага бий болгодог. Үгүй бол асар их уршигт асуудлуудыг дагуулдаг.

     

     

    Боловсрол судлалын тэнхимийн багш

    Г.Нэргүйбаатар

    2014.03.17

    Цэцэрлэг хот


    Үзсэн тоо:10769