Сургалтыг дэмжих хэрэглэгдэхүүн - Цахим ном - Хичээлийн агуулга

    ЧИНГИС ХААНЫ БИЛЭГ


    ЧИНГИС ХААНЫ БИЛЭГ

    Чингис хаан Цагаадай хөвгүүнээсээ хуримын дээд хурим аль вэ? хэмээн асууваас Цагаадай өгүүлрүүн:

    Хуучин он бидний

    Ханирасч одох хэмээн

    Шинэ он бидний

    Шилжирч ирэв гэж

    Өлзий хутаг хэмээн хуримлалдах

    Хуримын дээд тэр буй за

    хэмээн өгүүлвээс Чингис хаан зарлиг болруун:

    Тэнд бус

    Нярайгаас хагацаад

    Нэр эс өгвөөс

    Хэвлийгээс унаад

    Гэгээ эс үзвээс

    Хэний шинийг шинэлэх та

    Хэний нэрийг нэрлэх та

    Үүнээс хойшид

    Эцгээс үүдэж

    Эхээс төрсөн өдрөө

    Олж хүндлэлдэн ууваас

    Дээд хурим тань энэ болой хэмээн зарлиг болгосон ажгуу.

    ЦЭРЭГ ЮҮГЭЭН СУРГАРУУН

    Чингис хаан Сүбээдэй баатар, цэрэг эрст маргааш өгүүлрүүн:

    Агтын тэргүүн гарч ирэх адил

    Манлайн сар, магнайн очир болов

    Чин мэт эвхсэн

    Чулуу мэт зангидсан

    Аугаа нөхөд сүүдэр минь

    Хулс мэт зэрэглэсэн

    Хот мэт хүрээлсэн

    Албат цэрэг минь сонсогтун

    Үтэл явахуй дор

    Идэм бяруу мэт яв

    Идэвхийлэн туулах үйлст

    Өдлөх шувуу мэт довтлон яв

    Наадан цэнгэн явахүй дор

    Нялх унага мэт яв

    Наад цаадтай цавчилдахад

    Начин шувуу мэт туулан довтлон яв

    Суун байн явахуй дор

    Суланги бяруу мэт явагтун та

    Соровхийлэх идэвхийлэх үйлст

    Шонхор шувуу мэт довтлон явагтун та

    Ханьсан эелдэн явахуй дор

    Хашин бяруу мэт ханьсан явагтун та

    Харьтан дайсантай харвалдахад

    Харцага шувуу мэт довтлон явагтун та

    Өлссөн барс, өсөрхсөн бүргэд мэт явагтун

    Гэгээн өдөр гэтэх чоно мэт явагтун

    Харанхуй шөнө хар хэрээ мэт

    Хатуужин явагтун та

    хэмээвээс Сүбээдэй баатар өгүүлрүүн:

    Чадан ядан нэхье

    Чадах ядахаар явж үзье

    Эзний минь буян мэдтүгэй

    ЧИНГИС ХААН ХӨВГҮҮДТЭЙГЭЭ ЦЭНГЭЛДЭН ХУРИМЛАЛДРУУН

    Чингис дөрвөн хөвгүүнтэйгээ дарс уулдваас анх урьд Зүчи согтож, түүний хойно Цагаадай согтож, түүний хойно Тулуй согтож, анх хойно Өгөөдэй, хаантай хамт халалцаж тархсан ажгуу, Маргааш эрт хурж, өчигдөр өдрийн согтсон шалтгаанааөгүүлэлдээд хаан зарлиг болруун:

    Хөвгүүд минь та энд сууж өчигдрийн явдлаа яригтун. Биурд тусдаа сууж өтгөс ихэстэй улсын үйл өгүүлэлдсүгэй хэмээн урд тусдаа сууж, «Харагтун та» гэж нэгэн хүмүүнийг «Одож ухаж ирэгтүн, хөвгүүд минь юун үг өгүүлэлдмой» хэмээн илгээвээс: Хөвгүүд нь үгээ улмаас өгүүлэлдээд жаргалангийн сайн аль вэ? хэмээвээс: Зүчи өгүүлрүүн: Би ухваас:

    Олон адуугаа хичээн адуулац хичээн таргалуулж

    Орд гарээ буудал зохиож хуримлан

    Цэнгэлдэн сууваас жаргалын сайн энэ хэмээн өгүүлжээ.Цагаадай өгүүлрүүн: Би ухваас:

    Дайсан хүмүүнийг дарж

    Ботготыг буйлуулж

    Богтотыг уйлуулж авч ирвээс

    Жаргалангийн сайн энэ хэмээн өгүүлжээ. Өгөөдэй өгүүлрүүн: Би ухваас:

    Сод хаан эцгийн зовон зөөсөн их улсыг

    Амгалан, хөл хөсөр, гар газар тавиулж

    Улс иргэнээ уртад агуулж

    Өтгөс ихсийг жаргуулж

    Өсөх залуусыг амруулваас

    Жаргалангийн дээд энэ хэмээн өгүүлжээТулуй өгүүлрүүн:Би ухваас

    Хөвгүүд хөлгүүдээ засан тэргүүлж

    Хөгшин харцгаа бариулваас

    Гүн нуурыг бядан явж

    Хөхөгчдийг бариулваас

    Алгууд хүлэгүүдээ засан тэргүүлж

    Ал начнаа бариулваас

    Уул горхийг бядан явж

    Алагчуудыг бариулваас

    Жаргалын сайн энэ хэмээн өгүүлжээ.

    Энэ үгийг тэр хүн одож Чингис хаанд төгс өчвөөс, хаан зарлиг болруун: Зүчи өчүүхнээс адгуусанд амраг бөлгөө. Тэр ийн өгүүлжээ. Цагаадай өчүүхнээс надтай хамт улс байгууллаа. Тэр тийнхүү хэлжээ. Тулуй өчүүхэн хүний үг өгүүлжээ. Өгөөдэйн үг маш зөв хэмээн зарлиг болсон ажгуу.

    ЧИНГИС ХААН УЛС ЮУГААН ХАЙРЛАРУУН

    Алд биеэ амсхийвээс

    Аху төр минь алдруузай

    Бүтэн биеэ амсхийвээс

    Бүрэн улс минь сандруузай

    Алд бие минь алжааваас алжаатугай

    Аху төр минь бүү алдартугай

    Бүтэн бие минь зоввоос зовтугай

    Бүрэн улс минь бүү сандартугай хэмээбэй.

     

                    "Орчлонгийн сав шимийн дуулал" эмхэтгэлээс 


    Үзсэн тоо:877