Уран зохиол - 9-р анги - Дасгал, даалгавар

    Монголын нууц товчоо


           “Монголын Нууц Товчоо”-г хэн сайн мэдэх вэ? АХА тэмцээн 9-р ангийн бүх бүлгийн дунд “МНТ-г хэн сайн мэдэх вэ?” АХА тэмцээнийг уламжлал болгон, жилээс жилд засаж сайжруулан зохион байгуулснаар сурагчид 9-р ангидаа, ядаж нэг удаа МНТ-г бүтнээр нь уншиж, санаанд нь үлдэх зүйлтэй болж байгаа.

    Энэ тэмцээнийг дараах аргаар явуулж байна.
    1. 9-р ангид 2-р улирлын эхэнд орох “Домгийн түүхэн ба уран сайхны үнэн”
    10 цагийн нэгж хичээлээр “МНТ-ны хураангуй” номоос бүлэг бүлгээр нь уншиж, заавал цээжлэх үг хэллэг, шүлэглэлийг тэмдэглэнэ.
    2. Бүлэг бүрийн асуултанд хариулан ярилцана.
    3. Нэгж хичээлийн эцэст багш номын асуултуудаас түүвэрлэн 30 асуулт боловсруулаад, сурагчдаа 5-6 багт хуваан баг бүрт 5-6 асуулт оноон багаар нь үнэлж дүгнээд,баг бүрээс буюу ангиасаа хамгийн сайн, “Багийн аврагч” сурагчдыг тодруулан сургуулийн “АХА” тэмцээнд оролцох урилгаөгнө.
    4. Сургуулийн хэмжээний тэмцээнд 9-р ангийн бүх бүлгээс 5 сурагч нэг баг бүрдүүлж, тэмцээнд оролцох сурагчдынхаа нэрийг өгч, гэрийн даалгавраа авна.
    5. Гэрийн даалгаварт: Сугалаа сугалж баг бүр “МНТ”-ны аль нэг үйл явдлыг жүжигчлэн тоглох даалгавар авна. /2 хоногийн дотор даалгаварт өгөгдсөн үйл явдлыг уншиж судлаад, хувцас хэрэгсэлтэй жүжигчилсэн тоглолт бэлтгэсэн байх /
    6. Тэмцээний явц:

    I шат
    Баг бүр 3-5 асуултанд хариулахдаа багийн гишүүд давтагдахгүйбайх ёстой. /Асуулт, хариултыг хавсаргав/

    IIшат
    Жүжигчилсэн тоглолт хийх
    1. Алун гуа эх бэлбэсэн атлаа Буха хатаги, Бухату салжи, Боданчар мунхаг 3 хөвгүүн төрүүлснийхээ учрыг хэрхэн тайлбарлаад, хөвгүүддээ юу гэж сургасан бэ?
    2. Есүхэй баатар Өүлэн үжинг авсан түүх?
    3. Есүхэйг өнгөрсний хойно Амбагай хааны хатад хэрхэн авирлав?
    4. Боорчитой нөхөрлөсөн түүх? Наху баян 2 хүүд юу гэж зөвлөв?
    5. Жамухыг яаж явахад нь хэн Тэмүүжинд барьж өгөв?
    6. Чингис хаан Сартаул улстай байлдахаар мордоход Есүй хатан юу гэж өчив?... гм

    Нэг, хоёрдугаар шатны оноог нэгтгэн 5-6 баг үлдээх

    III шат
    “МНТ”-ны шүлгүүдээс уран унших

    1.Бэлбэсэн Өүлэн эх хөвгүүдээ хэрхэн тэжээв?
    2. Тэмүүжин Хасар 2 Бэгтэр дүүгээ харваж алсныг Өүлэн эх мэдээд тэднийг юу гэж зэмлэв?
    3.Тэмүүжин, Хасар, Бэлгүтэй 3 Ван ханд хар булган дах барин бараалхахад Ван хан юу гэж хэлсэн бэ?
    4.Чингис хаан Хонгарид нарыг дуугүй элсүүлсний дараа Ван ханд хэлүүлсэн нь?
    5. Чингис хаан Сартаул улстай байлдахаар мордоход Есүй хатан юу гэж өчив?
    6. Чингис хаан Сартаул улстай байлдахаар мордоход Есүй хатан юу гэж өчив?
    7. Чингис хааныг нас барахад Сөнөдийн Гилүгэтэй баатар юу гэж өчив?

    IY шат
    Багийн гишүүд нэг үг, өгүүлбэрээр хариулах АХА тэмцээнд оролцоно.



                        “МНТ”-г хэн сайн мэдэх вэ?
          АХА тэмцээний асуулт, хариултууд


    I шат: Багууд 1минут ярилцаад хариулах
    1-р бүлэг:
    1. Торголжин баяны 2 хүүгийн талаар ярина уу?
    -Торголжин баян Дува сохор, Добу мэргэн 2 хөвгүүнтэй. Дува сохор нь дундаа ганц нүдтэй атлаа гурван нүүдлийн газрыг хардаг.
    2. Алунгуаг Добу мэргэний гэргий болгосон түүхийг ярина уу?.
    -Дува сохор, Добу мэргэн 2 нэгэн удаа бүлэг иргэн нүүж явааг Бурхан халдун уулан дээрээс харав. Тэдний мухлаг тэргэн дотор нэгэн гоо бүсгүй явахыг үзээд нэхэн очиход үнэхээр гоо охин бөгөөд хүний эхнэр болоогүй тул Алунгуаг гуйж, добу мэргэний гэргий болгов.
    3. Алун гуа эхийг үгүй болсны хойно ах дүү 5-уул адуу малаа яаж хуваав?
    -Алунгуа эхийг үгүй болсны хойно ах дүү 5уул адуу малаа хуваах болсонд Боданчар мунхгийг бядуу хэмээн урагт үл тооцон хувь эс өгөв. Боданчар урагт эс тооцогдох атал энд юугаа хийх вэ, хэмээн Онон мөрнийг зорьж одов.
    4. Ах дүү нар анх ямар иргэдийг эзлэн авав?
    -Буха хатаги ах нь Боданчар дүүгээ нэхэн ирж, дагуулан давхихад дүү нь: “ –Ах аа, ах аа, бие тэргүүтэй, дээл захтай нь сайн, энэ Түнхэлэг голын эхэнд байгаа иргэд толгой шийр цөм нэгэн адил байгаа тул, тэднийг эзэлж авъя”, гэжээ. Гэртээ хариад ах дүү нартайгаа хэлэлцэн тэд иргэнийг довтолж, адуу амлыг нь авч, хүн ардыг нь зарцаа болгов.
    5. Амбагай хаан яаж амиа алдаад, дунд хүүдээ юу гэж хэлүүлсэн бэ?
    -Амбагай хаан Татааруудад охиноо хүргээд өөрөө баригджээ.Татаарууд түүнийг Хятадын Алтан хаанд хүргүүлэв .Амбагай хаан: “-Хамгийн хаан улсын эзэн байтал охиноо өөрөө үдэж хүргэхийг надаар цээрлэл болгогтун! Би татаар нарт баригдав.Таван хурууны хумсыг тамтартал миний өсийг авахыг оролдогтун” гэж дунд хүүдээ хэлүүлжээ.
    6. Есүхэй баатар Өүлэн үжинг авсан түүх?
    -Есүхэй баатар Даридай Отчигон нарыг дагуулан мордож,Чилээдүг гүйцэж очлоо. Чилээдү тэднээс айж, морины хурдаар дутааж, нэгэн хошууг тойрохдоо эргэж тэргэнд ирэхэд Өүлэн үжин: “-Энэ гурав чиний аминд хүрч мэднэ. Амьд үлдвэл эхнэрийг олоход бэрхгүй. Мухлаг тутам охид бий. Миний мэт өнгөт эхнэр олдоно. Одоо амиа арчил. Миний үнэрийг үнсч яв” хэмээн цамцаа тайлж өгөв. Есүхэй баатар түүнийг 7 уул давтал хөөж орхиод Өүлэнг авчээ.
    7. Тэмүүжинд Бөртэг гуйсан түүх?
    -Тэмүүжинг 9 настай байхад эцэг нь Өүлэн эхийн төрхөм олхунуд аймгаас охин гуйхаар явав. Цэгцэр Чихургу гэдэг газар Дай сэцэнтэй уулзав.Түүний 10 настай охин Бөртэг гуйж, хөвгүүнээ хүргэн болгож үлдээгээд буцав.
    8. Есүхэй баатар хэрхэн хорлогдов?
    -Есүхэй баатар Дай сэцэнийд хүүгээ үлдээгээд, Цэгцэрийн шар талд явж байхдаа ам цангахын эрхээр татаар нарын хуримд буув. Татаар нар Есүхэйг таниад, урьдын өшөөг санаж сэм хэлэлцэн, хоолонд нь хор хольж өгчээ. Есүхэй тэндээс мордож бие нь муудаад арай гэж гэрт хүрч: “-Мэнлиг чи сонс.Хөвгүүн минь балчир билээ. Би Тэмүүжинг урагт орхиод ирэх замдаа татаарт хорлогдов. Өнчин хоцорсон дүү нараа, бэлбэсэн бэргэнээ асрахыг чи мэд.Тэмүүжин хөвгүүнийг даруй явж авчир” гээд нас нөгчив.
    2-р бүлэг:
    9. Есүхэйг өнгөрсний хойно Амбагай хааны хатад хэрхэн авирлав?
    -Амбагай хааны хатан Орбай, Сохатай нар Өүлэн үжинг тайлгын идээнээс хоцорлоо, хэмээн шалтаглаж : Өүлэн үжинд “-Урьж чамд өгөх ёсгүй Учирвал чи идэх ёстой. Хүргэж чамд өгөх ёсгүй Хүртвэл чи идэх ёстой” гээд эх хөвгүүдийг нутагт нь орхиод нүүж одов.
    10. Тайчууд Тэмүүжинг яалаа гэж, хэрхэн шийтгэв? Тэмүүжинг оргоход хэн яаж туслав?-
    -Тэмүүжин Хасар 2 эцэг нэгтэй Бэгтэр дүүгээ харваж алсныг сонсоод Тайчуудын Таргудай Хирултуг: “-Хурганы үс гуужив.Төлөгний үс төлжив” хэмээн довтолж, Тэмүүжинг барьж дөнгөлөөд, айл бүрт нэг хонуулан хэсүүлж шийтгэв.
    11. Тэмүүжинг тайчуудаас оргоход хэн яаж туслав?
    - Нэгэн удаа Тайчууд хуримлах үеэр Тэмүүжин дөнгөө хага цохиод, Ононы шугуйд усны харгианд нуугдан хэвтэхэд сүлдүсүний Сорхон шар таараад: “-Чи ийм аргатай сэргэлэн тул тайчууд чамд атаархах ажээ. Би чамайг зааж өгөхгүй” гээд өнгөрөн одов.Тэгээд Тэмүүжин айраг бүлэх чимээгээр нь баримжаалан Сорхон шарынд очиход хүү Чимбай, Чулуун 2 нь түүнийг унгаст мухлагт нууж, Хадаан нэрт охин дүүгээрээ асруулав.Тайчууд айлуудыг нэгжиж эхэлсэн тул Сорхон шар Тэмүүжинд эрмэг цагаан гүү унуулж, тэлээ хурганы мах чанаж. тулам айраг, нум сум өгөөд: “-Намайг үнсээр хийсгэн алдав, чи. Одоо даруй эх дүү нарын зүг яв” гээд мордуулав.
    12. Мэргидүүд Бөртэг булаасан нь?
    -Нэгэн өглөө үүрээр Хуагчин эмгэн: “-Газар дэлбэрэх мэт чимээ гарч, морин төвөргөөн айсуй. Аймшигт тайчууд биз, даруй бос” гэв.Тэмүүжин, Өүлэн эх, Хасар, Хачиун, Тэмүгэ Отчигин,Бэлгүтэй, Боорчи, Зэлмэ нар нэг нэг морь унаж, Өүлэн эх Тэмүлэнг өвөртөө хийв. Бөртэ үжинд морь дутав.Ах дүү нар Бурхан Халдуны зүг одов. Хуагчин эмгэн Бөртэ үжинг унгас ноостой мухлагт нуугаад алаг үхэрт хөллөж явтал Цэргүүд ирээд хатныг олоод сундлан одов. Мэргидийн Тогтао, Дайр Үсүн, Хаатай Дармала гурвуул урьд Чилэдүгээс Өүлэн үжинг булааж авсны өсийг авахаар ирээд эмсийг нь булааж аваад буцсан байлаа.
    3-р бүлэг:
    13. Бөртэ үжинг мэргидэд булаалгаад Тэмүүжин, Хасар, Билгүтэй 3 Ван ханд бараалхсан нь?
    -Тэмүүжин, Хасар, Билгүтэй гурвуул Туулын хар шугуйд нутаглаж бүхий ван хан Тоорилд очиж: “- Гурван мэргид довтолж, эхнэр хүүхдийг минь булааж авав, хан эцэг минь аварч өгнө үү?” гэхэд Ван хан Тоорил: “-Булган дахын чинь хариуд Бүгд мэргидийг бүрэлгэн довтолж Бөртэ үжинг чинь буцааж өгье. Хар булган дахын чинь хариуд Хамаг мэргидийг хамх цохиж Хатан Бөртийг чинь хариулж авчиръя” гээд Жамухад хэл хүргэж, баруун зүүн талаас нь довтлохоор болов.
    14. Чилгэр бөх Бөртэг булаасандаа гэмшсэн нь?
    - Ван хан Тоорил, Жамуха нар мэргидийг баруун зүүн талаас нь нөмрөн бууж, эвдэн сүйтгэж, эзлэн булаахад Чилгэр бөх гэмшиж: “-Хар муу хэрээ хальс холтос идэх заяатай байтал Харин ихийг санаж, хатан үжинд халдаж Хамаг мэргид иргэнийг аюулд учруулж Хохимой муу толгойгоо хоргодох газаргүй болгов” хэмээн дутаав.
    15. Тэмүүжин Жамуха 2 хоёр дах удаагаа анд бололцсон нь?
    -Тэмүүжин Жамуха хоёр Хорханагийн хөндийд эртний анд бололцсоноо дурдаж Жамуха дуут сумаа Тэмүүжинд өгч, Тэмүүжин арц модон годил Жамухад өгч, хоёр дах удаагаа анд болов.
    4-р бүлэг:
    16. Жамуха яагаад Чингис хаанд халдахаар болов?-Жамухын дүү Тайчар Жөчи-Дармалагийн адууг дээрэмдэн одов.Жөчи-Дармала ганцаар нэхэн очоод Тайчарын нурууг хуга харван алаад адуугаа хураан буцав.Дүүгээ алагдав, хэмээн Жамуха жадараны 13 отгийг нэгтгэн, гурван түмэн цэргийг авч, Чингис хаанд халдахаар болов.
    17. Тэмүүжинг Чингис хаанд өргөмжилсөн нь?
    -Тэмүүжиний авга ах Алтан, Хучар , Сача бэхи нар бүгдээр зөвлөлдөж, Тэмүүжинг хаан болгон өргөмжилж, “Чингис хаан” хэмээн нэрийдэв. Чингис, хаан болоод Боорчи, Зэлмэ 2-т өгүүлсэн нь?— “-Сүүдрээс өөр нөхөргүй байхад сүүдэр минь болж Сүүлнээс өөр ташуургүй байхад сүүл минь болж Сэтгэлийг минь сэргээсэн нөхөд минь, та хоёр хамгаас урьд ирж нөхөрлөсөн тул хамгийг ахлах болно. Чингисийг хаан болсонд Хэрэйдийн Тоорил хан өгүүлсэн нь?- “-Тэмүүжин хөвгүүнийг хаан болгосон нь маш зөв.Эх захаа алдахгүй эгнэгт журамтай яв” хэмээн захив.
    18. Чингис хаан Жамуха нар Даланбалжудад хэрхэн байлдав?
    - Жамуха буцахдаа ямар муу үйл хийв?-Чингис хаан 13 хүрээнээсээ гурван түмэн цэрэг авч Жамухыг Даланбалжуд гэдэг газар угтан байлдав.Чингис хаан Жамухад шахагдаж Онон мөрний Зээрэн хавцалд шурган оров. Жамуха буцахдаа чинос аймгийн залуусыг далан тогоонд буцалгаж, Нэүдэй гуагийн толгойг морины сүүлнээс чирэн оджээ.
    5-р бүлэг:
    19. Баарины Ширээт өвгөн, Алаг Наяа 2 хөвгүүнтэйгээ хэрхэн зөв шийд гаргасан бэ?
    -Баарины Ширээт өвгөн, Алаг Наяа 2 хөвгүүнтэйгээ элбэн Тайчуудын ноён Таргудай Хирултугийг бариад Тэмүүжинд хүргэхээр явж байснаа: “-Чингис хаан биднийг хан эзнээ барьсан итгэмжгүй ард, хэмээн алах биз. Тиймээс Таргудайг буцаан тавиад Чингис хаанд хүчээ өгөхөөр очъё” хэмээн шийдсэн нь ёсоор болов.
    20. Чингис хаан татаар нартай байлдахын өмнө ямар цааз гаргав? Энэ цаазыг хэн хэн зөрчив?
    -1202 оны намар Татаар нартай Далан Нэмүргэ гэдэг агзар байлдахын урьд цааз тогтоож зарласан нь: “ –Дайсныг дарах цагт олзонд бүү саатагтун. Дайсан нэгэнт дарагдваол олз биднийх.Хэрэв ухрахад хүрвэл анх довтолсон байрандаа эргэж ирэгтүн. Ирээгүй хүнийг алтугай” хэмээн зарлав. Алтан, Хучар, Даридай гурвуул энэ цаазыг зөрчсөн тул олзыг хураан авав.
    21. Чингис хаан Татаар нарыг дарсны дараа алтан ургаа цуглуулж, юу гэж тогтоов? Хасарыг яагаад зөвлөлдөөнд оруулахаа больсон бэ?
    - Чингис хаан алтан ургаа цуглуулж: “-Эрт цагаас нааш эцэг өвгөдийг минь хорлосон Энэ муусайн татааруудыг эгнэгт дуусгахын тулд Тэрэгний булд хэмжиж үгүй хийж устгая Үлдсэн эхнэр хүүхдүүдийг үүд бүрт хувааж, үүрдийн боол болгоё” гэж тогтоов. Энэ зөвлөлдөөний тухай Хасар гаргаж хэлээд, татааруудын бэхлэтийг эвдэхийн тулд маш их цэргүүд хохирсон тул Хасарыг дахин зөвлөлдөөнд бүү оруул, гэж шийджээ.
    22. Чингис хаан яагаад Ван хан нялх Сэнгүм 2-т дургүй болсон бэ?-Чингис хаан, амрагийн дээр амраг болъё, хэмээн сэтгэж, Сэнгүмийн дүү Чаур бэхийг Зүчид гуйсанд Сэнгүм ихэмсэглэн сэтгэж: “-Миний ураг тэднийд очвол хатавчинд суух болно” хэмээн дүүгээ өгсөнгүй.Үүнд Чингис хаан дотроо Ван хан, нялх Сэнгүм хоёрт дургүй болжээ.
    23. Сэнгүм аавдаа: “-Тэмүүжинтэй байлдаж, улсыг нь булаан авъя”, гэхэд Ван хаан юу гэж хэлээд буцаав?
    “-Тэмүүжин хөвгүүнд тийм муу санаж яаж болно. Жамуха угаасаа тэнэмэл чалчаа хүн. Түүний үгэнд орж болохгүй”
    24. Сэнгүм ямар аргаар Чингис хааныг барьж авахыг завдав? Чингис хааныг багалзуур идэхээр явах гэж байхад нь хэн юу гэж зөвлөв?
    - Тэд манай Чаур бэхийг гуйсан. Одоо багалзуур ид, гэж уриад түүнийг барьж авъя, гэв. Чингис хаан 10 хүнийг дагуулан Ван ханд очих зуур Мэнлиг эцгийн гэрт хоновол: “-Саяхан Чаур бэхийг гуйхад биднийг доромжилж өгсөнгүй билээ. Одоо гэнэт багалзуур ид, гэж урих нь сэжигтэй тул чи, адуу таргалмагц очъё, гэж шалтаглан хойшлуулах нь зүйтэй” гэж зөвлөөд буцаав.
    6-р бүлэг:
    25. Сэнгүм хацраа шархдуулаад ирэхэд Ван хан юу гэж хэлсэн бэ?
    - “-Хөндлөнгийн хүнийг хөнөх гээд хөөрхий биеэ хөсөрдүүлэв, чи Хажуугийн хүнийг хөнөөх гээд хацар энгэсгээ хатгуулав, чи Хайрт хөвгүүний минь хатгагдсаны төлөө Харь дайсныг халдан довтолъё Монголын олонхи Жамуха, Алтан, Хучар нар бидний талд бий. Тэмүүжинг дагасан Монголчууд хаа холдох вэ?Тэднийг морины хомоол мэт хормойлж ирье” хэмээн хэлэлцэв.
    7-р бүлэг
    26. Ван хан хэрхэн мөхөв?
    - Ван хан, Сэнгүм 2 дутааж яваад Нэхүн ус гэдэг газар Ван хан ангаж усан дээр очиход найманы харуул түүнийг таньсангүй, хороожээ.
    27. Сэнгүм хэрхэн мөхөв?
    - Сэнгүм Нэхүн усыг тойрон, цөл газар ус эрж яваад хэсэг хуланг хараад мориноосоо буун, мярааж одов. Гэтэл агтач Хөхөчү морийг хөтлөөд буцах гэсэнд эхнэр нь: “- Хан эзнээ хаяж явах муухай бишүү” гэсэнд Хөхөчү “ –Ус ууг” хэмээн алтан хундагыг нь хойш хаяад хатиран одов.
    28. Чингис хаан Найманы Таян ханыг ямар аргаар сүрдүүлэв?
    - Найманы цэргүүд олон, Монголын цэргүүд цөөн байсан тул Додой чэрбиийн хэлснээр хүн бүр таван анги гал түлэхийг тушаасанд Таян хан одноос олон гал ноцож байхыг үзээд: “-Хар муусайн Монголтой Хатгалдаж нэгэнт эхэлбэл Хагацахад бэрх болно. Хамаагүй байлдаж болохгүй” гэсэн…
    29.Таян хан Чингис хаантай байлдахаас татгалзахад хүү Хүчүлүг нь хан эцгээ хэрхэн доромжлов?
    “-Жирэмсэн эмийн шээх газраас хол яваагүй Жижиг тугалын бэлчих газраас гарч үзээгүй Эм Таян зүрх алдаж энэ үгийг хэлжээ”
    8-р бүлэг
    30. Жамухыг яаж явахад нь хэн Тэмүүжинд барьж өгөв?
    - Жамуха улсаа алдаж, таван нөхөртэй тэнүүчилж яваад Тагна ууланд гарч угалз шарж идэж байтал 5 нөхөд нь түүнийг барьж, Чингис хаанд аваачжээ.
    31. Чингис хаан тэднийг яах зарлиг буулгав?-
    “-Хаан эзэндээ халдсан харц ардын ураг төрлийг нь хүртэл устга” гэж зарлиг болов.
    10-р бүлэг
    32. Чингис хаан хэвтүүл нарт юуг даалгав?- Чингис хаан хоол унд, идээ тахилгын идээг хэвтүүлнэрт даалгаж, сөн түших анд явах, нүүх суухад гэр сахих тул тэднийг дайнд мордуулахгүй байх зарлиг буулгав. Мөн хэвтүүл нарт зарга шийтгэхэд санал хэлэлцэх , агт морьд нум саадаг, хуяг дуулга хадгалах, түгээх эрхийг олгов.
    33. Чингис хаан яагаад Хасарыг барих болов?
    -Хонхотаны 7 хөвгүүний дундах Хөхөчү тэв тэнгэр нэгэн удаа “-Мөнх тэнгэрийн сахиус надад Тэмүүжинг улсын эрхийг барина.Харин Хасар нэжгээд удаа улсын эрхийг барина, гэлээ” гэсэнд Чингис хаан Хасарыг барихаар болов.
    35. Үүнийг мэдээд Өүлэн эх юу гэж зэмлэв?
    –Өүлэн эх уурлаж:,тэрэгнээс буумагц Хасарын хүлгийг тайлж, малгай бүсийг нь өмсгөөд: “-Тэмүүжин чи нэг л хөхний сүүг бардаг билээ. Хачиун, Отчигин хоёул ганц хөхийг хөхөж барна. Харин Хасар хоёуланг хөхөж, цээжийг минь амирлуулдаг билээ.Тэмүүжин цээжиндээ эрдэмтэй, Хасар хав хүчтэй тул одоо дайсныг дарж төгсгөв, гэж Хасарыг үзэн ядаж байна уу?” гэв.
    11-р бүлэг
    36. Чингис хаан 1211 онд Хятадыг эзлэхээр очиход Алтан хаан яасан бэ?
    -Алтан хаан “-Монголчууд маш хүчтэй тул хот балгадаа тараахаас өмнө Монголын хаанд элсэн найрамдъя” хэмээн гүнжээ илгээж, алт мөнгө, эд агуурс бэлэглэв.
    37. Чингис хаан яагаад Хятадтай дахин байлдав?
    - Сүн улсын Жэү хаанд найрамдахаар ирсэн олон элчийг Алтан хаан алсан учир Чингис хаан Хятадтай дахин байлдахаар мордов.
    38. Чингис хаан Сартаул улстай байлдахаар мордоход Есүй хатан юу гэж өчив?
    - “- Өндөр давааг давж, Өргөн мөрнийг гэтэлж Урт аянд мордохдоо Улс иргэнээ захирахыг Урьдал болгож сэтгэнэ. Төрсөн бие түлбэрэх Түмэн амьтны хуулийг Төгс ухаандаа санаасай. Уул бие мэт бие чинь нурж одвол Улс орныг чинь хэн захирах юм бэ? …Төрсөн 4 хүүгээс чинь төр барих нь хэн бэ?” гэж өчсөн. Үүнд Чингис хаан юу гэж хариулав?- “-Би өвгөдийн хойноос одохгүй мэт өөрөө мартсан ажээ. Үхэл надаас тойрох мэт үнэхээр түүнийг санасангүй,хөвгүүдийн ах Зүчи чи юу хэлнэ?” гэхэд…
    39. Есүй хатан“-Төрсөн 4 хүүгээс чинь төр барих нь хэн бэ?” гэхэд Цагаадай, Зүчи хоёр яагаад муудалцав?
    - Чингис хаан Сартаул улстай байлдахаар мордоход Есүй хатан:“-Төрсөн 4 хүүгээс чинь төр барих нь хэн бэ?” гэхэд Чингис хаан: “-Хөвгүүдийн ах Зүчи чи юу хэлнэ?” гэсэнд Цагаадай: “-Энэ мэргидийн орхидост бид захирагдах гэж үү?” хэмээн дайрсанд Зүчи: “-Хаан аав намайг гадуурхаж үзээгүй байхад чи намайг яагаад ялгаж байна? Чи надаас ганц догшин омгоороо л илүү биз” хэмээн барилцав.
    40. Есүй хатан“-Төрсөн 4 хүүгээс чинь төр барих нь хэн бэ?” гэхэд Цагаадай, Зүчи хоёр яагаад муудалцахад Хөхөчос тэднийг хэрхэн зэмлэв?
    -Хөхөчос:“-Хаан эцэг чинь чамд итгэж байсан билээ. Та нарыг төрөхийн урьд Одтой тэнгэр орчиж Олон улс байлдаж Орондоо унтах завгүй Олзлон булаалдаж байлаа. Хөрст дэлхий хөрвөж Хөвчин улс хямралдаж Хөнжилдөө унтах завгүй Хөнөөлдөн тэмцэлдэж байв. Хатан сайханэхийнхээ Халуун элгийг хөргөж Тос шиг санааг царцааж Сүү шиг сэтгэлийг ээдүүлэх Чалчаа муу үгийг Цагаадай чи хэллээ…” хэмээн зэмлэв.
    12-р бүлэг
    41. Чингис хааны бие яагаад чилээрхэв?
    - 1226 оны нохой жилийн намар Чингис хаан Тангуд иргэнтэй байлдахаар мордов. Хатдаас Есүй хатныг авч, зам зуур хулан авлан явахад зост бор морийг унаж явав. Олон хулан дайрчтолбот бор морь үргэж, Чингис хааныг унагасан учир хааны бие маш их чилээрхэж, Цоорха гэдэг газар буув.
    42. Есүй хатан, буцаж хааны биеийг сайжрахаар дахин байлдая, гэхэд хаан юу гэж шийдэв?
    - “-Тангуд иргэд биднийг зүрх шантарч буцав, гэх болно.Тиймээс элч илгээж, хариу иртэл биеэ сувилж байгаад хариуг сонсоод буцъя” гэсэн.
    43. Чингис хаан хэзээ, хэрхэн тэнгэрт халив?
    - Тангуд улсыг сөнөөгөөд 1227 оны гахай жилийн 7 сарын 12-нд Түрэмгий балгасанд Чингис хаан тэнгэрт халив.
    44. Өгөөдэйг хаанд өргөмжилсөн нь?
    - 1228 оны хулгана жилд баруун, зүүн гарыг эзэлсэн түмний ноёд бүгдээр Хэрлэний хөдөө аралд хурж, Чингис хааны гэрээсэлсэн ёсоор Өгөөдэйг хаанд өргөмжлөв.
    45. Өгөөдэйн хийсэн 4 сайн үйл?
     - 1-Алтан улсыг эзлэн дагуулсан.2-Элч явуулж харилцах өртөө замыг байгуулав. 3- Усгүй газар худаг малтуулж, улс иргэнийг ундтай болгов. 4- Зүг зүгт захирагч тавьж, улс иргэнийг амар түвшин болгов.
    46. Өгөөдэйн хийсэн 4 муу үйл?
    - 1- Бор дарсанд орсон. 2-Ёсгүй эм хүний үгэнд орж, Отчигон авгын харъяат иргэдийн дотроос эм авчирсан нь хоёрдугаар буруу болов. 3-Доголруг далдаас хардаж, хорт муу үгэнд орж хороосон минь гуравдугаар буруу болов. 4- Тэнгэр газрын заяагаар төрсөн гөрөөсийг бусдын нутагт оруузай, гэж хэрэм бариулсан.

    IIшат Жүжигчилсэн тоглолт хийх

    1. Алун гуа эх бэлбэсэн атлаа Буха хатаги, Бухату салжи, Боданчар мунхаг 3 хөвгүүн төрүүлснийхээ учрыг хэрхэн тайлбарлаад, хөвгүүддээ юу гэж сургасан бэ?
    -Бэлгүнүтэй Бүгүнүтэй хоёр: “-Бидний эх ойр төрлийн эрэгтэй хүнгүй бөгөөтөл энэ 3 хөвгүүнийг төрүүлэв. Гэр дотор ганц малиг баяуд овгийн зарц хүн байна. Энэ 3 хөвгүүн түүний хүүхэд биз”…

    Уншигч: … хэмээн хэлэлцэхийг Алунгуа эх мэдээд 5 хөвгүүдээ зэрэгцүүлэн суулгаж, хүн бүрт нэжгээд мөсийг: –Хугал, гэж өгвөл амархан хугачиж орхив. Бас 5 мөсийг баглаад –Хугал, гэж өгвөл тавуул дараалан оролдоод хугалж чадсангүй.

    Алунгуа эх: “- Та хоёр намайг энэ 3 хөвгүүнийг яахин төрүүлэв, гэж хэлэлцэх нь зөв. Шөнө бүр цагаан шар хүн гэрийн өрх тооноор гийгүүлэн орж ирээд миний хэвлийг илэхэд түүний гэрэл миний хэвэлд шингэх бүлгээ. Тэр хүн гарах нар сарны хилээр шар нохой мэт шарвалзсаар гарч одно.Түүнээс үзвэл тэнгэрийн хөвгүүд биз. Хамгийн хаад болох цагт харц хүн сая учрыг мэднэ” …“- Та таван хөвгүүн миний нэгэн хэвлээс төрсөн бишүү? Та нар ганц ганцаар салбал нэжгээд сум мэт хүнд хялбархан дийлэгдэнэ. Та нар эв эеэ нэгдвэл тэр багласан сум мэт бэх болж, хэнд ч хялбар дийлэгдэхгүй болно”

    2. Есүхэй баатар Өүлэн үжинг авсан түүх?

    Уншигч: Есүхэй баатар шувуу агнах зуур Олхунуд аймгаас эм аваад буцаж яваа мэргидийн их Чилэдүгийн эхнэрийн өнгөтэйг үзээд ах Нэгүүн тайж, дүү Даридай Отчигин хоёрыг дагуулан Чилэдүг гүйцэж очвол тэр айж, ухаа хонгор ташуурдаж, уулын бэлээр дутаав. Нэгэн хошууг тойроод эргэж тэргэндээ хүрч ирвэл:

    Өүлэн үжин: “ –Энэ 3 чиний аминд хор хүргэж болно. Амьд мэнд үлдвэл эхнэрийг олоход бэрхгүй. Мухлаг тутам охид бий, Тэрэг тутам хатад бий. Миний мэт өнгөт эхнэр олдоно. Хэрэв намайг санавал дахин авсан гэргийг миний нэрээр нэрлэгтүн. Одоо амиа арчил. Миний үнэрийг үнэсэж яв” …

    Уншигч: ... гээд өмссөн цамцаа тайлж өгөв. Чилэдү Онон мөрөн өөд дутааж, ах дүү 3 түүнийг 7 даваа давтал хөөж орхиод, Өүлэн үжинг авлаа. Өүлэн үжин Онон мөрнийг долгилтол уйлахад

    Даридай Отчигин: “-Тэврэх хайрт эр чинь Тэртээ давааг давав. Уйлан санах эр чинь Ус олныг гэтлэв. Хайлж уйлавч Харж чамайг үзэхгүй…, дуугүй бай”

    3. Есүхэйг өнгөрсний хойно Амбагай хааны хатад хэрхэн авирлав?

    Уншигч: Амбагай хааны хатан Орбай, Сохатай хоёр ихсийн газар өвгөдийн оршулугын газар тайлгын идээ өргөхөд Өүлэн үжин хождож очсон тул тайлгын идээнээс хоцров.

    Өүлэн үжин: “-Есүхэй баатрыг үхэв, гэж, хөвгүүнийг минь балчир гэж ихсийн тайлгын хишгээс яахин хождуулав, та? Нүд үзсээр үл өгөх, нүүхдээ үл хэлэх болов, та”

    Орбай,Сохатай хоёр: “-Урьж чамд өгөх ёсгүй Учирвал чи идэх ёстой. Хүргэж чамд өгөх ёсгүй Хүртвэл чи идэх ёстой”

    Уншигч: … гээд эх хөвгүүдийг нутагт нь орхиод нүүж одов. Өүлэн үжинг хөвгүүдийн хамт нутагт орхиход…

    Хонхатаны Чирха өвгөн: -Есүхэйн гэр бүлийнхнийг орхиж яаж болох вэ?

    Тодойн Гиртэ: “-Цээлийн ус ширгэв Цэгээн чулуу хагарав” ...хэмээгээд Чирха өвгөний нуруугаар жадлан хөөв.

    4. Боорчитой нөхөрлөсөн түүх?
    Наху баян 2 хүүд юу гэж зөвлөв?
    Уншигч: Нэгэн өдөр гэрийн дэргэд байсан 8 шаргыг дээрэм авч одов. Тэмүүжин оготор хонгорыг унаад, өвсний налархайгаар хөөж, 3 хоног яваад Боорчитой тааралдав.

    Боорчи: “- Би чамд нөхөр болъё. Би Наху баяны ганц хөвгүүн” …

    Уншигч: … гээд хоёулаа мордож, шарга морийг мөрөөр нь мөшгиж 3 хоног явав. Нэгэн үдэш нэгэн хүрээ иргэнд хүрвэл найман шарга морь нь тэр хүрээний захад өвс идэж байв.

    Тэмүүжин: -Нөхөр чи эндээ бай.Миний шарга морьд тэр байна. Би түүнийг хөөж ирье.

    Боорчи: -Би чамд нөхөр болж ирээд энд яаж үлдэнэ …

    Уншигч: … гээд 2улаа хамт довтолж ороод, шарга морьдыг хөөж гарав. Хойноос нь олон хүн цувралдан хөөв. Тэдний дотроос нэгэн цагаан морьтой, улаан дээлтэй хүн уургаар дохисоор хоцров. Тэмүүжин Боорчи 2 морьдоо авч 3 шөнө яваад Боорчийн гэр ойртвол…

    Тэмүүжин: -Би чамгүй бол энэ морьдоо яаж авч чадах билээ. Чи хэдийг нь авах вэ?

    Боорчи: -Би сайн нөхөр чамайг мунгинаж явна гэж тус болохоор ханилж явсан билээ. Би олз эрсэнгүй. Би Наху баяны ганц хөвгүүн тул миний эцгийн зөөсөн хураасан хөрөнгө надад элбэг хүрнэ.

    Уншигч: Хоёулаа Наху баяны гэрт ирвэл хөвгүүнээ алдав, гэж нус нулимс болж байсан Наху баян нэг уйлж , нэг загнаж, :..

    Наху баян: -Хөвгүүн минь юу болсноо хэл.

    Боорчи: -Энэ сайн нөхөр мунгинаж явахыг үзээд хамт одсон билээ. Одоо ирэв.

    Наху баян : Хоёр залуус үүнээс хойш сайхан нөхөрлө, бие биеэ битгий орхи.

    5. Жамухыг яаж явахад нь хэн Тэмүүжинд барьж өгөв?

    Уншигч: Жамуха улсаа алдаж, таван нөхөртэй тэнүүчилж яваад Тагна ууланд гарч угалз шарж идэж байтал 5 нөхөд нь түүнийг барьж, Чингис хаанд аваачжээ.

    Жамуха: -Хар хэрээ халтар нугасыг барих болов Харц боол хан эзэндээ халдах болов. Хаан анд минь хайрлаж өршөө. Бор элээ борлог нугасыг барих болов. Боол зарц бодот эзэндээ босож халдав. Богд анд минь бодож үз.

    Чингис хаан: “-Хаан эзэндээ халдсан хүнийг яаж орхих вэ?
    Тийм хүн хэнтэй нөхөрлөх вэ?
    Хаан эзэндээ халдсан харц ардыг ураг төрлийг нь хүртэл устга”

    Жамухад: -Одоо бид хоёул ойртож бас нөхөрлөе
    Өөр замаар явсан боловч
    Өлзийт сайн нөхөр минь мөн билээ, чи
    Өшилдөн байлдах өдөр болоход
    Өр зүрхээ өвддөг билээ, чи…

    Жамуха: -Эрт өнгөрсөн цагт, энхрий бага насанд
    Хан анд чамтай хайрт найз болж
    Нэг хөнжил нөмөрч, нэг санал санаж явлаа.
    Хажуугийн хүнд хатгагдаж
    Хатгах үгэнд автагдаж
    Хаан анд чамаас хагацан салаад би
    Хаан анд чиний
    Халуун царайг харахаас
    Халшран зовж явав.
    Тэмүүжин чи түмэн улсыг төвшин болгож
    Харь улсыг хамтатган захирч
    Хамгийг эзэлсэн хаан болоод
    Дэлхий дахин бэлэн байхад
    Дэмий надаар юу хийх вэ?
    Анд чи соёрхож
    Асгарах цусыг гаргалгүй
    Алуулж өршөө, намайг.

    Чингис хаан: …-Дээд язгуурын хүнийг дэмий хорлож болохгүй
    Хүний амийг хорлоход хүндэтгэх шалтгаан хэрэгтэй.
    Урьд Жөчи Дармалагийн адууг Тайчар дээрэмдэх үед
    Жамуха чи буруу зан, бульхай яюдал гаргаж,
    Далан балжуд гэдэг газар байлдаж,
    Зээрэн хавцалд намайг бачимдуулан айлгаснаа санаж байна уу?
    Одоо бас нөхөрлөе, гэвэл зөвшөөрөхгүй байна.
    Амийг чинь хайрлах боловч аргагүйд хүрэв.
    Одоо чиний үгээр цус гаргалгүй нөгчүүлж, хүндэт ёсоор оршуулъя”

    6.Чингис хаан Сартаул улстай байлдахаар мордоход Есүй хатан юу гэж өчив?
    ...
    Уншигч: Чингис хаан Сартаул иргэнтэй дайтахаар явах болсонд…

    Есүй хатан “- Өндөр давааг давж,
    Өргөн мөрнийг гэтэлж Урт аянд мордохдоо
    Улс иргэнээ захирахыг
    Урьдал болгож сэтгэнэ.
    Төрсөн бие түлбэрэх
    Түмэн амьтны хуулийг
    Төгс ухаандаа санаасай.
    Уул бие мэт бие чинь нурж одвол
    Улс орныг чинь хэн захирах юм бэ?
    Төрсөн 4 хүүгээс чинь төр барих нь хэн бэ?”

    Чингис хаан: -Би өвгөдийн хойноос одохгүй мэт өөрөө мартсан ажээ. Үхэл надаас тойрох мэт үнэхээр түүнийг санасангүй. Хөвгүүдийн ах Зүчи, чи юу хэлнэ?

    Цагаадай: -Энэ мэргидийн орхидост бид захирагдах гэж үү?

    Зүчи: -Хаан эцэг намайг гадуурхаж үзээгүй байхад чи намайг яагаад ялгаж байна? Чи надаас ганц догшин омгоороо л илүү биз. Харвалцаад чамд дийлдвэл эрхийгээ огтолж хаясугай.Барилдаад чамд ялагдвал унасан газраас бүү бостугай.

    Хөхөчос: “-Хаан эцэг чинь чамд итгэж байсан билээ.
    Та нарыг төрөхийн урьд
    Одтой тэнгэр орчиж
     Олон улс байлдаж
    Орондоо унтах завгүй
     Олзлон булаалдаж байлаа.
    Хөрст дэлхий хөрвөж
    Хөвчин улс хямралдаж
    Хөнжилдөө унтах завгүй
    Хөнөөлдөн тэмцэлдэж байв.
    Хатан сайханэхийнхээ
     Халуун элгийг хөргөж
    Тос шиг санааг царцааж
    Сүү шиг сэтгэлийг ээдүүлэх
    Чалчаа муу үгийг
    Цагаадай чихэллээ.

    Цагаадай: Амаар алсныг ачиж болдоггүй
    Үгээр үхүүлснийг өвчиж болдоггүй. Хаан эцэгтээ хавсарч хүчээ өгье. Өгөөдэй өршөөлтэй тул өргөмжлөгдөхөд болно…

    Чингис хаан:“-Зүчи Цагаадай та хоёр хэлсэндээ хүрч ардын инээдэм, амьтны тоглоом болохгүй, эв найртай яваарай.Өгөөдэй юу хэлэх вэ , хэлэгтүн”

    Өгөөдэй: -Хаан эцэг соёрхвол чадахгүй гэж яаж хэлэх вэ?, Чадахыг хичээе…

    III шат: “МНТ” шүлгүүдээс уран унших:

    1.Бэлбэсэн Өүлэн эх хөвгүүдээ хэрхэн тэжээв?
    Оюунтай төрсөн Өүлэн эх
    Оёдолт дээлийг огшуулан өмсч
    Оготор хормойг шуун бүсэлж
    Онон мөрнийг өгсөж уруудаж
    Олирс мойлыг түүн явж
    Өчүүхэн хөвгүүдээ хайрлан тэжээж
    Өдөр шөнийг аргацаан өнгөрүүлэв.
    Чадалтай төрсөн Үжин эх
    Царсан шорыг барин явж
    Цавчим газрыг өгсөн уруудаж
    Сөдөн хичгэнийн үндсийг малтаж
    Шөнө өдрийг хатамжин өнгөрүүлж
    Суут хөвгүүдээ тэжээн өсгөв.
    Гоо төрсөн Өүлэн эх Гох дэгээ барин явж
    Гол завыг өгсөж уруудаж
    Гогод мангирыг түүн явж
    Хутагтан хөвгүүдээ тэжээн өсгөв.

     2. Тэмүүжин Хасар 2 Бэгтэр дүүгээ харваж алсныг Өүлэн эх мэдээд тэднийг юу гэж зэмлэв?
    “-Ханиа барагсад
    Ижлээ идэгсэд
    Халуун хэвлээс гарахдаа
    Хар нөж атгаж төрсөн билээ.
    Хавиргаа хазах хар нохой мэт,
    Хаданд довтлох
    Харцага шонхор мэт,
    Уураа даран ядах
    Омогт арслан мэт,
    Амьдыг залгих
    Аюулт мангас мэт,…
    Нялх үрээ гилэн ядаж
    Нядлан идэх
    Нүгэлт ангир мэт
    Балмад амьтад буюу…”

    3.Тэмүүжин, Хасар, Бэлгүтэй 3 Ван ханд хар булган дах барин бараалхахад Ван хан юу гэж хэлсэн бэ?
    “-Хар булган дахны чинь хариуд
    Хагацсан улсыг чинь хамтатгаж өгье
    Булган дахын чинь хариуд
    Бутарсан улсыг чинь цуглуулж өгье.
    Бөөр нь бөгсөнд байг
    Цэр нь цээжинд байг…”

    4.Чингис хаан Хонгарид нарыг дуугүй элсүүлсний дараа Ван ханд хэлүүлсэн нь?
    “-Сандайлж суух орыг минь
    Салбагануулан түлхэж
    Савсан гарах утаагий минь
    Сацруулан хийсгэж
    Санамсаргүй муу хөвгүүнээ юунд
    Сандруулан хөнөөв, чи”

    Чингис хаан Жамухад хэлүүлсэн нь?
    - “ –Хартай муу сэтгэлээр
    Хан эцгээс минь хагацуулав, чи”

    Чингис хаан Сэнгүмд хэлүүлсэн нь?
    - “ –Би эцгийн дээлтэй төрсөн хөвгүүн ажээ. 
    Чи нүцгэн төрсөн хөвгүүн ажээ.
    Хан эцгийг амьд байтал хан болох гэж
    Эцгийн сэтгэлийг битгий зовоо” гэж хэлүүлсэн.

    5. Чингис хаан Сартаул улстай байлдахаар мордоход Есүй хатан юу гэж өчив?
    - “- Өндөр давааг давж,
    Өргөн мөрнийг гэтэлж
    Урт аянд мордохдоо
    Улс иргэнээ захирахыг
    Урьдал болгож сэтгэнэ.
    Төрсөн бие түлбэрэх
    Түмэн амьтны хуулийг
    Төгс ухаандаа санаасай.
    Уул бие мэт бие чинь нурж одвол
    Улс орныг чинь хэн захирах юм бэ?
    Төрсөн 4 хүүгээс чинь төр барих нь хэн бэ?” гэж өчсөн.

    6. Чингис хаан Сартаул улстай байлдахаар мордоход Есүй хатан: “-Төрсөн 4 хүүгээс чинь төр барих нь хэн бэ?” гэхэд Чингис хаан: “-Хөвгүүдийн ах Зүчи чи юу хэлнэ?” гэсэнд Цагаадай: “-Энэ мэргидийн орхидост бид захирагдах гэж үү?” хэмээн дайрсан. Зүчи: “-Хаан аав намайг гадуурхаж үзээгүй байхад чи намайг яагаад ялгаж байна? Чи надаас ганц догшин омгоороо л илүү биз” хэмээн барилцахад Хөхөчос:
     “-Хаан эцэг чинь чамд итгэж байсан билээ.
    Та нарыг төрөхийн урьд
    Одтой тэнгэр орчиж
    Олон улс байлдаж
    Орондоо унтах завгүй
    Олзлон булаалдаж байлаа.
    Хөрст дэлхий хөрвөж
    Хөвчин улс хямралдаж
    Хөнжилдөө унтах завгүй
    Хөнөөлдөн тэмцэлдэж байв.
    Хатан сайхан эхийнхээ
    Халуун элгийг хөргөж
    Тос шиг санааг царцааж
    Сүү шиг сэтгэлийг ээдүүлэх
    Чалчаа муу үгийг
    Цагаадай чи хэллээ…” хэмээн зэмлэв.

    7. Чингис хааныг нас барахад Сөнөдийн Гилүгэтэй баатар юу гэж өчив?
    “- Хөх мөнх тэнгэрээс заяатай төрсөн
    Хүлэг богд эзэн минь!
    Хүр их улсаа орхиж
    Түвшитгэн байгуулсан улс төр чинь
    Төгс заяат хатад хөвгүүд чинь
    Төрсөн их газар ус чинь
    Тэмүүжин эзэн чамайг хүлээж байна… …
    Унасан Дэлүүн болдог чинь тэнд хол байна.
    Хийр туг сүлд чинь Хэрлэний хөдөө арал чинь
    Бүртгэлжин цэцэн хатан чинь Боорчи, Мухулай нөхөд чинь
    Хувилгаанаар учирсан Хулан хатан чинь
    Хутагт эрхэм газар ус чинь тэнд билээ.
    Харууна уулыг дулаан гэж,
    Харь Тангудыг олон гэж
    Хатад охидыг гуа гэж
    Хамаг Монголоо мартав уу?
    Хайрт эзэн минь!
    Халуун амийг чинь алдавч
    Хас эрдэнэ мэт хүүрийг чинь
    Хамгаалан авч харья, эзэн минь!
    Хатан Бүртгэлжинд чинь үзүүлье
    Хамаг улсад чинь хүргэе” хэмээн өчив.

    IҮ шат:
                                                       Багийн ахлагчдын “АХА”.
                                                                 Хувилбар -1
                        Хураангуйлсан номын дагуу бэлтгэсэн шүүлгийн асуултууд
    1. Чингис хааны язгуур хэнээс гаралтай вэ? Бөртэ чино, гэргий Гуа маралаас гаралтай.
    2. Алун гуа эхийн төрсөн нутаг? Ариг ус.
    3. Добу мэргэний төрсөн хөвгүүдийн нэр? Бэлгүнүтэй, Бүгүнүтэй.
    4. Добу мэргэнийг үгүй болсны хойно ямар нэртэй 3 хүү төрөв? Буха хатаги, Бухату салжи, Боданчар.
    5. Буха хатагийн хөвгүүд ямар овогтон болов? Хатгин.
    6. Дува сохор ахын хөвгүүд ямар овогтон болсон бэ? Дөрвэд овогтон болсон.
    7. Жадаран Жамухын өвөг нь хэн байв? Жажирадай
    8. Боданчар ямар овогтон болов? Боржигон овогтон болов.
    9. Чингис хааныг яагаад Тэмүүжин гэж нэрлэсэн бэ? Есүхэй баатар Татаарын Тэмүжин-Үгэг барьж ирэхэд төрсөн учраас…
    10. Тэмүүжиний дүү нарыг нэрлэ? Хасар, Хачиун, Тэмүгэ,Тэмүлүн.
    11. Бөртэгийн ээжийн нэр? Цотан эх.
    12. Цотан эх Бөртэг хаа хүртэл гаргаж өгсөн бэ? Сэнгүр горхи хүртэл…
    13. Бөртэгийн инжинд юу ирсэн бэ? Хар булган дах.
    14. Үжин гэдэг нь ямар утгатай үг вэ? Хатан.
    15. Хүчүг хаанаас олж авав? Мэргидийн нутгаас.
    16. Тэмүүжин Жамуха 2 хоёр дах удаагаа анд бололцоход Жамуха Тэмүүжинд юу өгсөн бэ? Дуут сум.
    17. Хөхөчүг хаанаас олж авав? Тайчуудын нутгаас.
    18. Хаан, хан 2-ын ялгааг хэлнэ үү? Хамаг Монголд ганц хаантай.Ханлиг аймгууд тус бүртээ хантай.
    19. Тэмүүжинг ямар газар Чингис хаанд өргөмжилсөн бэ? Сэнгүр горхины Хар зүрхний Хөх нуурт.
    20. Жамухын дүүгийн нэр? Тайчар
    21. Чингис хаан Жамуха нар ямар газар байлдав?Даланбалжуд
    22. Жамуха Чингис хааныг ямар хавцалд шахаж орхисон бэ? Зээрэн хавцалд.
    23. Татаарын нутгаас хэнийг олж Өүлэн эхэд өгөв? Шихихутуг.
    24. Жалайрын Тэлэгэтү баян Чингист хэн гэдэг хөвгүүдээ өгөв? Гүн гуа, Мухулай.
    25. Чулуун хайч хэн гэдэг хөвгүүдээ өгөв? Түнгэ, Хаши.
    26. Жүрхиний нутгаас хэнийг олж Өүлэн эхэд өгч асруулав? Борохул.
    27. Чингис хаан Татаараас хэнийг хатнаа болгож авав? Их Чэрэнгийн охин Есүй, Есүгэн.
    28. Хэрэйд улсыг доройтуулаад, Чингис хэнийг хатан болгон авав? Ибага.
    29. Ибагын дүү Сорхагтанийг хэнд хатан болгон өгөв? Өөрийн хүү Толуйд.
    30. Чингис хаан Найманы нутгаас хэнийг барьж, Хасарт бичиг заалгав?Тататунга.
    31. Мэргидийн Дайр үсүн өөрийн охин хэнийг Чингис хаанд өгөв? Хулан.
    32. Чингис хаан Мэргидийн Тогтоагийн хүү Чулууны эхнэрийг хэнд өгөв? Өгөөдэйд.
    33. Чингис хаан Хубилайд юу даалгав? Цэргийн үйлийг ерөнхийлөн захирах.
    34. Чингис хаан Гэнигэдэй Хунанд юу даалгав? “Гэнигэс Хунан овогтноо захирч, миний хүү Зүчийн дор түмний ноён болтугай”
    35. Чингис хаан Зэлмэд юу даалгав? “Есөн удаа осол гаргахад буруушаан яллахгүй”
    36. Чингис хаан Толунд хандаж юу даалгав? “Өөрийн олсон зөөсөн иргэнээ мянгат болгож, Турухантай зөвшиж захирагтун”
    37. Чингис хаан Үнгүр буурчид юу даалгав? “Баяд ах дүү нараа цуглуулж, мянганыг захиртугай”, Борохул,Толунтай хамтран идээг түгээгтүн.
    38. Чингис хаан Борохулд юу даалгав? “Есөн удаа осол гаргахад буруушаан яллахгүй”
    39. Чингис хаан Үсүн өвгөнд юу даалгав? Цагаан дээл өмсөж, цагаан морь унаад, дээд сууринд сууж, он сарыг сонгож бай”
    40. Чингис хаан Нарантоорилд юу даалгав? Ах дүү Нэгүс нараа цуглуулж, ургийн урагт захирч бай.
    41. Чингис хаан Сорхон шард юу даалгав? “Ургийн урагт Сэлэнгэ нутгаа эзэмшиж амьдар. Чамайг есөн удаа осол гаргахад буруушаан яллахгүй”
    42. Чингис хаан Нааяад юу даалгав? “Төвийн түмнийг захирах ноён болтугай”
    43. Чингис хаан Зэв Сүвээдэйд юу даалгав? ? “Өөрийн олсон зөөсөн иргэнээ мянгат болгож, захирагтун”
    44. “МНТ”-г хэзээ бичиж дуусгав? 1240 оны 7 сард /Хулгана жилийн хуран сард/
    45. “МНТ”-г хаана бичиж дуусгав? Хэрлэний Хөдөө арлын Долоон Болдог, Шилхэнцэг хоёрын завсар.
    46. “МНТ”-ны эх хувийг анх хаанаас олсон бэ? Хятадаас.
    47. “МНТ”-г орчин цагийн Монгол хэлэнд хэн хөрвүүлсэн бэ Ц.Дамдинсүрэн
    48. “МНТ” 12 бүлэг, хэдэн хэсэгтэй вэ? 282 хэсэгтэй


                                                          Хувилбар -2
                                “МНТ-д нэвтрэхүй” тэмцээний асуултууд

    1. Дува сохор Бурхан Халдун дээрээс хаашаа нүүж айсуй бүлэг иргэнийг харсан бэ?Түнхэлэг горхи руу
    2. Алун гоо хаана төрсөн бэ? /Хорь түмэдийн/ Ариг-ус гэдэг газар
    3. Алун гоо хэний охин бэ? Хорь түмэдийн ноён Хорилардай мэргэний /эхнэр Баргужин гуагаас/ төрсөн.
    4. Бие тэргүүнтэй дээл захтай гэж хэн хэнд хэлдэг вэ? Боданчар мунхаг Буха хатаги ахдаа хэлдэг.
    5. Чингис хаан, хэний ятгалгаар Хасарыг барихааар явдаг вэ? Хөхөчү тэв тэнгэр бөөгийн хэлснээр
    6. Бүгүнүдэй, Бэлгүнүдэй хоёр хэний хүүхэд вэ? Добу мэргэний хүүхдүүд
    7. Чингис хааны итгэлт зарц эмгэн хэн бэ? Хуагчин эмгэн
    8. “Хамгийн хаан, улсын эзэн байж охиноо өөрөө хүргэхийг надаар гэсгээгтүн” хэмээх үгийг ямар хүн хэнд хэлүүлдэг вэ?Амбагай хаан дунд хүү Хaдаан тайждаа хэлүүлсэн.
    9. Өэлүн үжинийг бяцхан хөвүүдийнх нь хамт нутагт нь хаяж нүүсэн аймгийн тэргүүн хэн бэ? Таргудай -Хирилтуг
    10. Татар иргэн Амбагай хааныг барьж хэн гэдэг хаанд авч оддог вэ? Хятадын Алтан хаанд
    11. Өэлүн үжинийг ихсийн хишиг, идээ шүүс, сархдаас хэн, хэн хождуулдаг вэ? Амбагай хааны хатан Орбай, Сохатай
    12. "Намайг үнсээр хийсгэн алдав чи" гэж Тэмүжинд хэн хэлдэг вэ? Сорхон шар
    13. Чингис хаан дайн байлдааны талбараас олсон хөвүүдээ хэнд өгч тэжээлгэдэг вэ? Өүлэн эхэд
    14. Өгөдэй Чингис хаан эцгээсээ хойш хэдэн сайн үйл хийсэн бэ? Дөрөв
    15. Тэмүжин шөнө юугаар чиг аван, Сорхон шарын гэрийг олж очдог вэ?Айраг бүлэх чимээгээр
    16. Чимбай, Чулуун хоёр хэний хөвүүд вэ?Сорхон шарын
    17. Жамухад ямар цол өгдөг вэ? Гүр хан
    18. Тэмүжин Тайчуудын хурим тарах үед хялбар хөвүүнээс дөнгөө татан авч, толгой руу нь дэлдэн гүйж хаана нуугддаг вэ? Ононы шугуй дотор усны харгианд
    19. Чингис хаан Наймантай байлдахын өмнө одноос олон болж харагдахын тулд ямар арга хэрэглэсэн бэ? Хүн бүр таван гал түлэх
    20. “Эх эх, үтэр бос, газар доргилж төвөргөөн сонсдоно” хэмээн Хуагчин эмгэн сэрэмжлүүлэхүйд ямар аймгийнхан довтолдог вэ? Мэргид
    21. Гурван Мэргид довтлоход хэнд морь дутдаг вэ? Бөртэ үжинд
    22. Тэмүжин, Бөртэ үжин хоёрын насны зөрүүг хэлнэ үү? Нэг
    23. Тэмүжин Жамуха хоёр хэдэн удаа анд бололцдог вэ? Хоёр
    24. “Эх захаа алдахгүй, эгнэгт журамтай яв" гэж хэн хэлсэн вэ?Ван хан Тоорил
    25. Жамухын дүү Тайчарыг Жөчи Дармала юунаас болж хөнөөдөг вэ? Жөчи-Дармалагийн адууг дээрэмдэн одсон учир
    26. Чингис, Жамуха хоёр хаана байлддаг вэ? Даланбалжудад
    27. Жамуха Далан балжудад Чингис хаантай байлдаад буцахдаа, хэний толгойг огтолж морины сүүлнээс чирч оддог вэ? Нэүдэй гуагийн толгойг
    28. Өгөдэйг ямар жил хаанд өргөмжилсөн бэ? 1228 оны хулгана жилд
    29. Дэй сэцэний гэргийн нэр хэн вэ?Цотан эх
    30. Тэмүжин шарга агтаа хайхдаа, юугаар баримжаа болгон эрдэг вэ? Өвсний налархайгаар
    31. Цэгцэр Чихургу хоёрын зуур хэнийх нутаглаж байсан бэ? Хонгирадын Дай сэцэн
    32. Жажирадай ямар овогтны өвөг вэ? Жадаран
    33. Есүхэй баатар хаана явж байгаад, татаар иргэнд хорлогдсон бэ? Цэгцэрийн шар талд
    34. Тоорил ханд Тэмүжиний авч одсон хар булган дах хэний өгсөн бэлэг вэ? Цотан эхийн
    35. Урианханы Жарчуудай өвгөн Зэлмэ нэрт хүүгээ Тэмүжинд уулзуулж өгөхдөө юу гэж хэлдэг? “- Эмээлээ тохуул, үүдээ сөхүүл”
    36. Есүй хатны эцгийн нэр хэн бэ? Татаарын Их-Чирэн
    37. Жамуха хэнийг “-Надаас хэтрэхгүй дорой ажгуу” хэмээдэг вэ? Ван ханыг
    38. Ван хантай хатгалдсаны маргааш Өгөдэйг дайны талбараас хэн амийг нь авран ирдэг вэ? Борохул
    39. Татаарын нутаг дээрээс алтан ээмэг зүүсэн, булган хантаазтай бяцхан хөвүүнийг Чингис хаан, Өэлүн эхэд бэлэг болгон өгсөн тэр хөвүүн хэн байсан бэ? Шихихутуг
    40. Жүрхиний нутгаас хэн гэдэг өчүүхэн хөвүүн олддог вэ?
    Борохул
    41. Өэлүн эхийн тэжээсэн 4 хөвүүнийг нэрлэнэ үү? Хүчү, Хөхөчү, Шихихутуг, Борохул
    42. Хабул хаан хэдэн хөвүүнтэй вэ?Долоон хөвгүүнтэй.
    43. Найманы хан хэн байсан бэ? Таян хан
    44. Дайныг дарваас олзонд бүү хоргод, Даран дуусгаваас, тэр олзыг бид хуваалдаж авна гэсэн зарлигийг хэн хэн зөрчсөн бэ?Алтан, Хучар, Даридай гурвуул цаазыг зөрчсөн
    45. Жамухын дүүгийн нэр хэн бэ?Тайчар
    46. Чингис хааны Зэб, Хубилай, Зэлмэ, Сүбээдэйг юу хэмээн нэрийдсэн байдаг вэ? Дөрвөн ноход
    47. Магнай дундаа ганц нүдтэй гурван нүүдлийн газар хардаг хүний нэр хэн бэ? Дува сохор
    48. Алун-гоо хэний охин бэ? Хорь түмэдийн ноён Хорилардай мэргэний
    49. Алун- гоог хэнд хатан болгож өгдөг вэ?Добу мэргэнд
    50. Бодончар урагт эс тооцогдон ямар мөрөн рүү зорьж одсон бэ?Онон мөрнийг
    51. Бодончар ямар шувуу тэжээж ан хийдэг байсан бэ?Харцага
    52. Чингис хаан Хулан хатныг аль аймгаас авсан бэ? Мэргидийн Дайр Үсүний охин
    53. Есүхэн, Есүй нарыг Чингис хаан ямар аймгийг байлдан дагуулсныхаа дараа хатад болгон авдаг вэ? Татаар
    54. Борохул ноён ямар иргэнийг эзлэхээр яваад алагдсан бэ? Хорь түмэдийг
    55. Тэв тэнгэр бөө хэний долоон хүүгийн дундах нь вэ? Хонхотаныдолоон хөвгүүний дундах
    56. Бөртэ үжиний ээжийн нэр хэн бэ? Цотан
    57. Бөртэ үжинийг гурван мэргид булааж аваад хэнд өгдөг вэ? Чилэгэр бөхөд.
    58. Хэн Найманд эд хөрөнгө, эм хөвүүнээ булаалган Чингис хаанаас дөрвөн хүлгийг нь гуйдаг вэ? Ван хан Тоорил
    59. “Чаур бэхийг түрүүн гуйхад биднийг доромжилж үл өгсөн бүлгээ. Эдүгээ их эрхэгч хүмүүс гэнэт урих нь сэжигтэй. Бидний адуу туранхай буй. Адуугаа тэвээрүүлье хэмээн шалтаг илгээе ” хэмээсэн үгийг хэн,Чингис хаанд сэрэмжлүүлэн өгүүлдэг вэ?Мэнлиг эцэг
    60. Удуйд Мэргидийг дүрвэж зугтаасны хойно тэдний нутаг дээр нутаг дээрээс бугын арьсан гуталтай, булган дээлтэй таван настай хөвүүнийголж Өэлүн эхэд өгсөн. Тэр хөвүүний нэр хэн бэ? Хүчү
    61. Жамухыг барьж ирсэн нөхдийг Чингис хаан хэрхэн шийтгэдэг вэ? “-Хан эзэндээ халдсан харц ардын ураг төрлийг нь хүртэл устга” гэж зарлиг буулгадаг.
    62. “-...Өөрөөр ангид явсан ч, Өлзий хутагт анд минь бүлгээ" гэж Чингис хаанхэнд хэлүүлсэн бэ? Гүр хан Жамухад
    63. Чингис хаан Мухулайд ямар цол олгодог вэ? Го ван
    64. Монголын нууц товчоонд Чингис хааны язгуурыг хэнээс эхэлж өгүүлсэн бэ? Бөртэ чино, Гуа маралаас 
    65. Тэмүжин хаана төрсөн бэ? Ононы Дэлүүн Болдог гэдэг газар
    66. Есүхэй баатар, Тэмүжин нэрийг юугаар бэлгэдэж өгсөн бэ? Есүхэй баатар татаарын Тэмүжин-Үгэ, Хорибуха нарыг барьж ирэхэд Чингис хааныг төрүүлсэн тул
    67. Дува сохор магнай дундаа ганц нүдтэй бүлгээ. Хэдэн нүүдлийн газар хардаг вэ?Гурван нүүдлийн газрыг
    68. Өэлүн үжин хэний гэргий болон явах замдаа Есүхэйд булаагдсан бэ? Чилээдүүгийн
    69. Боорчу, Мухулай, Борохул, Чулуун нар Чингис хааны дөрвөн юу вэ? Дөрвөн хүлэг баатар
    70. Өэлүн эх өдөр үзэх нүд, шөнө сонсох чих болгоё хэмээн хэдэн хөвүүн тэжээсэн бэ? Дөрөв.
    71. Хабул хааны дараа хэний хүү Хамаг монголын хаан болсон бэ? Сэнгүн билгэгийн хүү Амбагай
    72. Есүхэй, хүү Тэмүжинийг дагуулан аль овог аймгаас эхнэр гуйхаар явсан бэ? Өүлэн эхийн төрхөм олхунуд
    73. Ван ханы ганц хөвгүүнийг хэн гэдэг бэ? Нялх Сэнгүм
    74. Наху баяны ганц хөвгүүн хэн бэ?Боорчи 75. Жамуха аль овгийн хүн бэ? Жадаран
    76. Тэмүжинийг улсын эзэн болно гэж хэн зөгнөн хэлсэн бэ? Хөхөчү тэв тэнгэр
    77. Тэмүжин Жамуха хоёр анх анд бололцохдоо бие биедээ юу солилцдог вэ? Жамуха дуут сумаа Тэмүүжинд өгч, Тэмүүжин арц модон годил Жамухад өгсөн.
    78. Чингис хаан хэдэн онд эсгий туургат улсыг шулуутгаж, Их Монгол улсыг байгуулсан бэ? 1206 онд
    79. Сэнгүм, Чингис хаанд юу хэмээн хэл хүргүүлж, урхидан барихаар шийдсэн бэ?
    “-Багалзуур ид” гэж
    80. Чингис хаан Сартуул улстай дайтахаар явахдаа хатдаас хэнийг авч явсан бэ? Хулан хатныг
    81. Тэмүжинийг дөнгөтэй зугтахад хэн тусласан бэ? Сүлдүсний Сорхон шар
    82. Бөртэ хатан аль аймгийн хэний охин бэ? Олхунуд аймгийнх
    83.
    84. Чингис хаан Хасарын хоёр ханцуйг уяж, малгай, бүсийг нь авч үгийг нь асууж бүхийд хэн ирж зэмлэдэг вэ? Өүлэн эх
    85. Есүхэй баатар, Өэлүн эхийн төрхөм, Олхунуд иргэнээс охин гуйя хэмээн Тэмүжинийг хэдэн настайд нь авч одсон бэ?
    86. Тэмүжин Тайчуудаас дутаан Сорхон шарын гэрт ирэхэд, унгаст нууж хэн гэдэг охиноороо асруулдаг вэ? Хадаан
    87. Өөрийн эзэн Таргудай Хирултугийг барьж өгөлгүй, Чингис хаанд хүчээ өгөхөөр ирсэн хүн хэн бэ?
    88. Баарины Ширээт өвгөн Алаг, Нааяа хоёр хөвгүүнтэйгээ
    89. Дува сохорын 4 хүүхэд Добу мэргэнийг авга юугаа хэмээн үл тооннүүгээд ямар овогтон болсон бэ? Дүрвэд
    90. Чингис хаан тэнгэрт гарахын өмнө ямар улсыг эзэлсэн бэ? Тангуд улсыг
    91. Жамухын дүү Тайчар хэний адууг дээрэмдсэн бэ? Жөчи-Дармалагийн
    92. Тэв тэнгэр бөө хэний хөвүүн бэ? Мэнлиг эцгийн
    93. Чулуун, Чимбай хоёр хэний хөвгүүд вэ? Сорхан шарын
    94. Долоон Хонхотан гэж хэний хөвгүүдийг хэлдэг вэ? Мэнлиг эцгийн
    95. “Эцгийнхээ зовж байгуулсан улсыг бүү зовооё, Хөлийг нь хөсөр, гарыг нь газар тавьж жаргуулъя” гэж хэн өгүүлсэн бэ? Өгөөдэй хаан
    96. Хулан хатан хэний охин бэ? Мэргидийн Дайр-Үсүний  
    97. Есүхэй баатар яагаад нас барсан бэ? Татаар нар Есүхэйг таниад урьдын өшөөг санаж, хоолонд хор хольж өгсөн.
    99. Мэргидийн Чилэдүгийн дүүг хэн гэдэг вэ? Чилэгэр бөх
    100. Алунгоо эх хэдэн хөвүүнтэй байсан бэ? 5 хөвгүүнтэй.
    101. Өэлүн үжин Есүхэйд булаагдахдаа эр Чилэдүд юугаа өгдөг вэ? ...
    102. Өгөөдэй хаан тэнгэр газраас заяатай төрсөн гөрөөсийг ах дүүсийн зүг одуузай хэмээн юу хийлгэсэн бэ? Шавар хэрэм
    103. Чингис хаан ямар мориноос унаж гэмтдэг вэ? Зост бор/толбот/
    104. Сэнгүмийн багалзуур ид гэж мэхлэхээр урьсны хариуд Чингис хаан юугаар шалтаглан очдоггүй вэ?“Адуу туранхай байна, таргалахаар нь очъё” гэж
    105. МНТ хэдэн бүлэгтэй вэ? 12 бүлэгтэй.
    106. Өэлүн эх хэнийг цээжиндээ эрдэмтэй хэмээн өгүүлдэг вэ? Тэмүүжинг
    107. Өэлүн эх хэнийг хав хүчтэй хэмээн өгүүлдэг бэ? Хасарыг
    108. МНТ-нд хэний хүүхдүүд өөрийн авга юугаан ургаа үл болгон доромжилж, Дөрвөд овогтон болсон бэ? Дува сохорын хүүхдүүд
    109. МНТ-д хэн “ядуу” хэмээн хэлэгдэж, урагт үл тооцогддог вэ? Боданчар мунхаг
    110. Чингис хаан ямар уулыг  “Өглөө бүр мялаасугай
    Өдөр бүр өчсүгэй
    Ургийн ураг минь
    Ухан мэдтүгэй' хэмээн наран өөд хандаж, бүсээ хүзүүндээ эрихлэж, малгайгаа гартаа сэгэлдэргэлж, гараа өвчүүндээ дарж, наран зүг есөнтээ сөгдөж, сацал сацан, өчил өчсөн бэ? Бурхан Халдуныг
    113. Чингис хааны дөрвөн хүлэг баатрыг нэрлэ? Боорчи, Мухулай, Борохул, Чулуун нар


    Үзсэн тоо:11181
    Ирээдүй.docx»