Сургалтыг дэмжих хэрэглэгдэхүүн - Цахим ном - Хичээлийн агуулга

    ОРЧЛОНГИЙН САВ ШИМИЙН ДУУЛАЛ


    ОРЧЛОНГИЙН САВ ШИМИЙН ДУУЛАЛ

     

    Амгалан жаргалан ямагт гарахын орон

    Аврагч дээд гурван эрдэнэд мөргөөд

    Амаргүй орчлонгийн сав шимийн

    Ахуй ёсыг дуулмуй

     

    Эвдэрч үл дуусах сав ертөнц

    Энэлж үл дуусах шимийн амьтан

    Эргэж үл дуусах гаслант орчлон

    Эндүүрч үл дуусах мунхаг сэтгэл зэ

     

    Гэтэлж үл дуусах орчлонгийн дөрвөн далай

    Гэсэж үл дуусах зургаан зүйлийн орон
    Гэнэдэж үл дуусах ертөнцийн гаслан
    Хилэгнэж үл дуусах уринт сэтгэл зэ 

     

    Асарч үл дуусах үр садан
    Алж үл дуусах өшөөт дайсан

    Амраглаж үл дуусах тачаангуй сэтгэл

    Алагчилж үл дуусах дайсан эл зэ

     

    Сэлгүүцэж үл дуусах ертөнцийн бие

    Шаналж үл дуусах орчлонгийн гомдол

    Шунаж үл дуусах ертөнцийн харам

    Шилбэлзэж үл дуусах омогт сэтгэл зэ

     

    Хувирч үл дуусах ертөнцийн буурал

    Ховдоглож үл дуусах орчлонгийн уурхай

    Хонжиж үл дуусах ертөнцийн идэш

    Хувисч үл дуусах атаат сэтгэл зэ

     

    Таван хорын эрхэнд ороод

    Там, бирд, адгуусны оронд

    Талийн жилийн одохын урьд

    Тамтрал үгүй үтэр ном буяныг үйлд зэ

     

    Аргалж үл дуусах орчлонгийн зальхай

    Атаархаж үл дуусах ертөнцийн тэмцэл

    Алгасч үл дуусах ертөнцийн баримт

    Арилж үл дуусах сэжигт сэтгэл зэ

     

    Төрж үл дуусах амьтны зэрэг

    Төөрч үл дуусах хий сүнс

    Тордож үл дуусах амь нас

    Түгэж үл дуусах хар сэтгэл

     

    Гасалж үл дуусах орчлонгийн зовлон

    Ханаж ул дуусах ертөнцийн хүсэл

    Хатирч үл уйдах орчлонгийн явдал

    Хамарч үл мухарах ертөнцийн олз зэ

     

    Үхэвч үл орхих үйлийн үр

    Үгүйрэвч үл орхих өр төлөөс

    Өлбөрөвч үл үхэх олон санаа зэ

    Хайрлавч үл мөнхрөх амь бие

    Ханилавч үл дагах янагууд

    Харамлавч үл эзлэх эд мал

    Гайхуулавч хамт үл одох нэр цол зэ 

     

    Үхэвч үл шннгэрэх гүр их ертөнц

    Үзэвч үл атаархах алиа орчлон

    Өтлөвч үл хэрсүүжих зөнөг ертөнц

    Өгүүлэвч үл соисох дүлий орчлонгийн амьтан зэ

     

    Сав шимийн энэ ёсыг мэдвээс

    Сайн эрдэмт хүмүүний биеийг олсон

    Шажин номтой учирсан энэ сайн цагт

    Саарал үгүй ном буяныг үйлд зэ

     

    Ширгэж үл дуусах төрөхийн далай

    Шаналж үл дуусах өвчний далай

    Шимэгдэж үл дуусах үлдэхийн далай

    Шингэрч үл дуусах үхэхийн далай

     

    Олон эд мал эрэхийн зовлон

    Олсноо харамлан хадгалахын зовлон

    Ураг садан амрагуудаас хагацахын зовлон

    Өшөөт дайсантай учрахын зовлон

     

    Хуний биеийг олж төрвөөс

    Хөнөөлт энэ найман зовлонг үзмой

    Хүлцэшгүй арван наймөн тамд төрвөөс

    Хүйтэн халуун элдэв зовлонг үзмой

     

    Буян номыг мэдэгчдэд дуртгал

    Буруу зөвийг ялгагчдад сануулга

    Бусад нүглийг үйлдэгчдэд сургаал

    Бурхны зарлигийг сонсогчдод чихний чимэг

     

    Бас бас төрөн үхэн эвдрэгч

    Барагдашгүй зовлонт орчлонгийн

    Байх аху ёсын энэ төдий

    Бадаг шүлгүүдийг Жавзандамба хутагт холбон шүлэглэв зэ

     

    "Орчлонгийн сав шимийн дуулал" эмхтгэлээс


    Үзсэн тоо:732