Сургалтыг дэмжих хэрэглэгдэхүүн - Цахим ном - Хичээлийн агуулга

    ЧИНГИСИЙН ЭР ХОЁР ЗАГАЛЫН ТУУЖ ОРШВОЙ


        ЧИНГИСИЙН ЭР ХОЁР ЗАГАЛЫН ТУУЖ ОРШВОЙ

    Эрт урьд цагт Сод богд Чингис хааны Эрмэг цагаагч гүүнээс эр хоёр загал унага төржээ. 
    Тэр ойд арван гүүнд тэлж 
    Арайхийн онд оруулав гэлээ 
    Эзэндээ дааган ахуй цагтаа унуулж 
    Үрээ ахуй цагтаа хуяглаж 
    Тэр хоёр загалыг унаж 
    Алтай ханыг арлан авлаж 
    Хөхүй ханыг хөвчлөн авлаж 
    Их загалыг унаж 
    Алтай ханыг авлан тавив 
    Аргаль угалзыг алж 
    Аргагүй бардаж ирэхэд 
    Арван түмэн авын хүмүүс нэгээхэн бээр эс гайхав 
    Бага загалыг унаж 
    Хөхүй ханыг хөвчлөн тавьж 
    Хүйлэн хөх чоныг хядан алав 
    Өвсний оройгоор 
    Өрвөлзүүлэн ирэхүй дор 
    Хэдэн түмэн авын хүмүүс 
    Нэгээхэн бээр ч эс гайхав 
    Хэн хүн хэрэгсэн эс гайхав 
    Онон хатны ой талыг авлаж 
    Олон амьтныг гүйцээж 
    Ойр хол бүгдэд адил боловч 
    Олон бүгд эс гайхав 
    Тэр дээр уярах сэтгэл төрж 
    Дааган цагт минь давтсан болжээ 
    Үрээн цагт минь өргөсөн болжээ 
    Хязаалан цагт минь хянасан болжээ 
    Соёолон цагт минь сорьсон болжээ 
    гэж бага загал нь их загалдаа хэлэв. 
    Эй авгай минь явъя 
    Алтай ханыг авлахад 
    Арван түмэн улс эс гайхав
    Эй хайран дур минь
    Хөхүй ханыг авлахад
    Хүй олон улс эс магтав
    Хөвчин хайран санаа минь
    Хэнтий ханыг авлахад
    Хэдэн түмэн улс эс магтав
    Хэтэрхпй хайран дур минь
    Энэ бүгдийг минь үл мартах юун болов
    Эй авхай минь явъя
    Биднийг одсоны хойно
    Хан эзэн мипь
    Нэг хоёр дурдваас
    Нэрийн алдар биш буюу
    Эй авхай минь
    Алтай гэгч газар
    Агь шаваг өвстэй гэнэ
    Аялан хүрч амран хэвтье
    Авгай минь
    Хөхүй хан гэгч газар
    Хөвөг шаваг өвстэй гэнэ
    Хөхрөм цөөрөм нууртай гэнэ билээ
    Хөндлөн хүрч хөлбөрөн барьж хэвтье
    Авгай минь бүр явъя
    Хэнтий хан гэгч газар
    Гэмгүй таргатай гэнэ
    Хэт үгүй жаргалтай гэнэ
    Хэй хуй болон хүрч
    Хичээлэн хэвтье
    Авгай минь үтэр явъя
    Онон хатан гэгч газар
    Урт сайхан устай гэнэм билээ
    Ой тал олон гэнэ
    Үдлэн хүрч ундгүй хэвье
    Авгай минь бүр явъя
    Ай авгай минь
    Ах мэт санагч
    Алзал бор нь буй за    
    Хүү мэт санагч
    Хөгшин шарга нь буй за
    Хүчин ширүүн аашлагч
    Чи бндэн хоёр буй за
    Хатнаа мэт санагч
    Хар хул нь буй за
    Харь дайсан мэт санагч
    Авгай чи бид хоёр буй за
    Бүр явъя
    Хүйтэн өдөр барин
    Хөндлөн хөх төмөр үмхүүлэн
    Хөрзөнт тохомыг
    Хөлстэй тавин
    Хүйтэн төмөр үмхэж
    Яахиж аяа
    Авгай бүр явъя
    Халуун өдөр барин
    Хаттал уян
    Халуун наранд шаран
    Хар шороо үмхүүлэн
    Яахиж аяа
    Авгай бүр явъя
    Бага загал нь их загалдаа
    Газар газарлая гэж хэлэв
    Авай бор тоором минь юу гэнэв чи
    Эзэн гэж эзэн дор адил
    Эзэн олдох буюу
    Эх гэж армаг цагаагч ижий атал
    Эх олон буюу    
    Ер эр хүн баярлах гэж
    Магнай үл хагарах гэлээ
    Агт морь таргалж
    Арьс үл хагарах гэлээ
    Авай бор тоором минь
    Юу гэнэм чи
    Эй авгай минь
    Сайн хүнд нөхөр олон гэлээ
    Сайн моринд эзэн олон бишуү
    Өнөр хүнд нөхөр олон бишүү
    Өнчин хунд ноён олон бишүү
    Санаат хүнд сэжиг олон бишүү
    Сайн моринд газар ойр бишүү
    Авгай минь явъя
    Авай бор тоором минь
    Эетэй хүнд нөхөр олон гэлээ
    Эйлсэн моринд уурга олон гэлээ
    Эегүй хүнд өштөн олон гэлээ
    Эцсэн моринд ташуур олон гэлээ
    Хүний гэж хөвчин бүгдээр үлдэм зэ
    Дайсан гэж даяар үлдэм зэ
    Зэрлэг гэж зэвийн үзүүр унаганам зэ
    Авай бор тоором минь
    Юу хэлнэм чи
    Хадны өвс хагд идье
    Бутны өвс богтой идье.
    Өсгөн төрүүлсэн
    Өл буурал ахуй юугаан
    Яаж мартъя гэнэм чи
    Эргэн төрсөн
    Эрмэг цагаагч ижий юугаан
    Яаж мартъя гэнэ чи
    Арван хоёр сар нуруугаа чилтэл өргөсөн
    Ангир шар уургаа шимүүлсэн
    Ачит цагаан сүүгээ хөхүүлсэн
    Амраг эх юугаан
    Яаж мартъя гэнэм чи
    Эвий бор тоором минь
    Юу гэнэм чи
    Омгоо дараагүйд
    Уушгаа цэрдээгүйд
    Яа гэнэм бол уу чи минь
    Хайрлан хадгалсан хан ззэн минь
    Ханилан өссөн хайран харь олон
    Эл бүгдийг яахин орхин газарлая гэнэм чи
    Өөдгүйг өсгөж хурааваас 
    Тусгүй гэлээ, байг гэж хэлэв
    Сайн хүнд нөхөр олон гэлээ
    Сайн моринд газар ойр гэлээ
    Бүр явъя гэж үү?
    Бага загал ганцаар явъя гэж санаж
    Их загалаа орхиж
    Гурван цавчуурын зүг явав
    Ах минь нэхэх болов уу хэмээн санаж
    Түргэн зуур алтан улиасны сүүдэрт 
    Хүлээж байх атал
    Дөрвөн зүгт нь 
    Дөрвөн өнгийн шувууд
    Нэгэн эгшгээр донгодов
    Бага загал чихээ сэртийлгэж
    Сүүлээ өргөж чагнан байв
    Алтан гургалдай шувууд
    Алтан улиасны дээр суун жиргэв
    Ах дүү хоёр загал
    Салан газарлав гэж жиргэв
    Дахин  аялгуулан жиргэв
    Хөхөө нэрт шувуу донгодов
    Хөөрхий бага загал
    Урван газарлав гэж жиргэв
    Богширго шувуу босон жиргэв
    Богд эзний хайран хоёр загал
    Салан газарлав гэж жиргэв
    Хайргун шувуу хадны дээр суун жиргэв
    Хан эзний хайран хоёр загал
    Хагацан газарлав гэж жиргэв
    Тэр дөрвөн өнгийн шувууны дууг сонсоод
    Бага загал тэсэлгүй явав
    Түргэн түргэн явахад
    Түнхэрцгийн чинээ чулуу хөдөлгөн
    Аргаар аргаар явахад
    Аягын чинээ чулуу хөдөлгөн
    Гурван цавчуурыг зорив
    Авгай минь нэхэх болов уу гэж санаж
    Хөх өндрийн өвөрт
    Өвс таталж байв
    Их загал нь
    Өглөө наранд нэхэж
    Үдийн наранд
    Хамраа хавчиж
    Хар хөлсөө асгаж
    Амиа тэмцэж гүйцэж ирэв
    — Эй бор тоором минь
    Хүй гэж хөвчин үлдэж
    Дайн гэж даяар хөөгөөгүй
    Зэрлэг гэж зэвийн үзүүр унагаах буй за гэж
    Их загал нь бага загалдаа хэлэв 
    Хоёр загалын одсоны хойно
    Нэг шөнө сод богд эзэн зүүд зүүдлэв
    Эрхт тэнгэр эцгээс заяатай 
    Эрмэг цагаагч гүүнээс төрсөн 
    Эр хоёр загал минь 
    Эйлэн газарлав гэнэм би 
    Богд эзэн тэнгэрээс заяатай 
    Буянт цагаагч гүүнээс төрсөн 
    Бууралт үгүй хайран хоёр загал минь 
    Буруулан газарчлав гэнэм 
    Хан эзэн тэнгэрээс заяатай 
    Хас цагаагч гүүнээс төрсөн 
    Хайран хоёр загал минь 
    Гаран газарчлав гэнэм би 
    Хазаараа эгэлдэрч 
    Явган явна гэж зүүдлэв би 
    Энэ зүүд минь үнэн буюу 
    Худал буюу гэж 
    Шивэгчинд зарлиг болов 
    Адуунд орж үз 
    Худал бол дуугүй ир 
    Үнэн бол дөрвөн харь 
    Есөн өнгийн улсыг минь 
    Эрт цуглуулж ир гэж зарлиг болов 
    Боол Бачин адуунд орвол 
    Өл буурал азарга нь 
    Өрвөлзөн ийш тийш харж 
    Унгалдаж байх ажээ 
    Эрмэг цагаагч гүү эх нь 
    Ийш тийш харж
    Нүднээс нулимс гаргаж байхыг үзэв 
    Боол Бачин яарч
    Дөрвөн харь, есөн өнгийн улсаа
    Маргааш эрт цуглуулж ирэв
    Сод богд алзал бор морио унаж
    Алтан хуураа авч
    Зал цагаан номоо дүүрч
    Аргусун хуурчийг хөтөч хийж
    Алжин харцага юугаа барьж 
    Эхдээ ирэх болов уу гэж санаж 
    Эрмэг цагаагч гүүг хөтлөв 
    Төдий морилон явахдаа 
    Хаан ноён сод богд зарлиг болгов 
    Хөхүй ханы өврөөр цувъя 
    Алтай ханы араар авлая 
    Отын хүн урд яв 
    Тахилзуур хүн тасралтгүй яв 
    Тэр хоёр загалы минь 
    Хэн гүйцсэн хүн бүү харва 
    Барьж   үз
    Барьсан хүнд дөрвөн хошуу малаа 
    Тэгшхэн хуваах би гэж зарлиг болгов 
    Төдий хоёр загал
    Хойт нэхсэн авын барааг харж үзээд 
    Их загал нь бага загалдаа хэлэв 
    Тоором минь би эс хэллүү 
    Хүний гэж хөвчин үлдэх буй за 
    Зэрлэг гэж зэвийн үзүүр унагах буй за 
    Гэж эс хэллүү би 
    Энэ бишүү гэв 
    Бага загал нь хэлэв 
    Эй авгай минь
    Эр хүн хэлсэн үгэндээ хүрэх бишүү 
    Агт морь зорьсон газартаа хүрэх бишүү явъя
    Яасан эм мэт охорхон санаатай билээ чи
    Биднийг гүйцэх мориноос болох уу
    Барааг минь харах буюу гэв
    Алтай ханы ар ороход
    Аргаль угалзыг алуулан буй
    Хөхүй ханыг өвөрлөн явахад
    Хөх алаг бугыг гишгэлэн гарав
    Төвийн хүнд тоосоо үзэгдье
    Бүр Гурван цавчуур зорьё гэв
    Бага загал ергөн хөдлөв 
    Их загал шогшин хөдлөв 
    Бага загал нь их загалдаа хэлэв
    Авгай минь ах мэт санагч
    Алзал бор морь яанам болов гэж хэлэв 
    Төдий дээр барьсангүй 
    Гурван цавчуур газрыг зорин хүрэв 
    Их загал нь хоёр санаа санаж 
    Хайран хан эзэн минь 
    Хайран хас цагаагч эх минь гэж 
    Нүднээс нулимс гаргаж 
    Өр элгээ өмөрч 
    Өвдгөө сөгдөж явъя
    Сод богд эзэн нь
    Хөх өндөр дээр гарч 
    Барааг нь харж шаналан уярав 
    Болдгийн бор толгойд гарч 
    Хаан эзэн нь хайлав 
    Эрийн сайнаар эзэн эс боллооби 
    Эрхт тэнгэр эцгийн заяагаар эзэн боллоо би
    Эрмэг цагаагч гүүнээс төрсөн 
    Эр хоёр загал минь 
    Эйлэн газарлав уу чи 
    Эвий минь
    Булаан авч эзэн эс боллоо би 
    Богд дээд эзний заяагаар эзэн боллоо би 
    Буянт цагаагч гүүнээс төрсөн 
    Хайран эр хоёр загал минь 
    Буруулан газарчлав уу чи 
    Эвий минь
    Хайрлан авч эзэн эс боллоо би 
    Хаан тэнгэр эцгийн хайраар 
    Эзэн боллоо би 
    Хас цагаагч гүүнээс төрсөн 
    Хайран хоёр загал минь 
    Хагацан газарчлав уу чи 
    Эвий минь
    Харьж ирэх болов уу чи 
    Эвий минь
    Учиртай их уралдаан болоход 
    Юугаан хагсаая 
    Учиртай их ав болоход
    Юугаа уная
    Хайран хоёр загал минь
    Харь олон дайсан болоход
    Юугаа хуяглая гээд
    Төдүй сод богд эзэн
    Орд харшдаа харьж ирэв
    Хоёр загал Гурван цавчуурт зорин хүрч
    Дөрвөн он нутаглав
    Бага загал нь арьсаа язартал таргалав
    Их загал нь
    Зун зассан морь мэт хатиартаад
    Өвөл болоход хацарт нь
    Аягын чинээ мөс хөрөв
    Уй гашуунд уярах сэтгэлийг нь мэдээд
    Бага загал нь асуув
    Ай авгай минь
    Өвсийг эрүүгээр иддэг атал
    Усыг уруулаар уудаг атал
    Авгай арьстай шөрмөстэйгээ хатах чинь юу вэ? 
    Гэж асуув 
    Их загал хэлэв 
    Авай бор тоором минь 
    Юугаа гэж үл мэднэм чи 
    Хайрлан өсгөсөн  хан эзнээ 
    Ханилан учирсан хайран нөхдөө 
    Хайран төрсөн эх юугаа санахаар 
    Хайрт газарт туурайгаа 
    Хомоолт газар эрүүгээ хүргэж ядав 
    Өссөн төрсөн эх юүгээ санахаар 
    Өвсөнд эрүү
    Усанд уруул юугаа хүргэж ядав
    Авай бор тоором минь
    Яаж үл мэднэм чи
    Эвий минь гэв
    Тэр цагт бага загал нь
    Зөв харж инээж
    Буруу харж уйлан
    Их загалд хэлэв
    Ай авгай минь
    Арьс шөрмөстэй чинь хатаан алж
    Арьсы чинь өмсмү би
    Махыг чинь идмүү би
    Ачит авгай минь
    Одоо харья гэв
    Их загал гурав дахин шилгээгээд
    Нэг хоёр өвс таслаи байв
    Их загал ергөн хөдлөв
    Бага загал шогшин хөдлөв
    Гурван  сарын   газарт
    Гурав гурав хоногт хүрье гэв
    Тэр хоёр загалыг хүрч ирэхийн шөнө дүлд
    Сод богд эзэн нь
    Нэг зүүд зүүдлэв
    Эрхт тэнгэр эцгийн заяатай
    Эрмэг цагаагч гүүнээс төрсөн
    Эр хоёр загал минь
    Эйлэн газарлаж билээ
    Эргэж ирэх болов уу
    Эмээлээ тохож байна гэж зүүдлэв би гэв
    Энэ зүүд үнэн болов уу, худал болов уу
    Боол Бачинг адуунд орж үз гэв
    Хаан эзэн сод богдын зарлигаар
    Адуунд орвоос 
    Хоёр загал харьж ирсэн ажээ 
    Өл буурал азарга нь үүрсэн байж 
    Үүрд хагацав гэж билээ би 
    Эдүгээ энэ өдөр ирэв үү та гэж 
    Баярлан байж эвшээн байв 
    Эрмэг цагаагч гүү эх нь 
    Хоёр нүднээс нулимс гаргаж 
    Уйлан баярлаж байхыг үзэв 
    Эр хоёр загал нь
    Эх юүгээн энд тэндээс нь харж байхыг үзэв
    Боол Бачин үзээд 
    Хоёр загалыг барих гэв 
    Хоёр загал эс баригдав 
    Хоёр загал ирж 
    Өл буурал азаргатай авч ирэв гэж
    Хаан эзэн сод богдод айлтгав 
    Сод богд хаан эзэн нь 
    Нэг ханцуйгаа түргэн өмсөөд гарав 
    Эй хоёр загал минь 
    Мэнд буюу та гэв 
    Бага загал нь
    Зэв онтдохуй төдий газар байж хэлэв 
    Гурван цавчуур зорьсон хойно 
    Хоёр загал юу вэ 
    Гучин түмэн улсыг эзлэн суусан 
    Хаан эзэн минь харин мэнд байна уу та 
    Алтай ханыг зорьсон 
    Алиа муу хоёр загал юу билээ 
    Арван түмэн улсыг эзлэн суусан 
    Хаан ззэн минь харин мэнд буюу чи 
    Хөхүй ханыг зорьсон 
    Хөөрхөн аальт хоёр загал юу билээ 
    Хүй олон улсыг эзлэн суусан 
    Хаан эзэн минь харин мэнд буюу чи гэв 
    Сод богд зарлиг болж 
    Эй хоёр загал минь та 
    Юуны тул ямар учиртай газарлав гэж асуув
    Их загал дуун эс гарав 
    Бага загал сод богд эзэндээ хэлэв 
    Эй хаан эзэн минь 
    Хоёр загалыг хайрлах болоосой 
    Дааган цагт минь давтсан билээ та 
    Үрээ цагт минь 
    Эрэн санах билээ та 
    Хязаалан цагт минь 
    Хянан унах билээ та 
    Соёолон цагт минь 
    Сорин унах билээ та 
    Алтай ханыг авлах цагт 
    Аргаль угалзыг гүйцэн алав 
    Арван түмэн авын хүмүүс үл магтав 
    Хэнтий ханыг хэрэн авлах цагт 
    Хэдэн түмэн хүн чинь эс магтав 
    Онон хатны ой талыг авлах цагт
    Ойр хол адил боловч 
    Олон түмэн чинь эс магтав 
    Тиймийн тул газарлав бид 
    Аймаг шувууд донгодлоо 
    Хүний хүү газартаа суув 
    Хүлгийн хүү газраа санав 
    Хаан эзэн сод богд минь гэв 
    Тэгэхэд их загал хэлэв 
    Бор тоором байг гэв 
    Хаан эзэн минь намайг уна гэв 
    Тэр үгийг зөвшөөрч 
    Бага загалыг найман жил хагсаав 
    Намрын тэргүүн сард 
    Авд мордъё гэв 
    Ав мөрдөн
    Алтай ханыг арлан авлаж 
    Арван түмэн хүн магтан гайхав 
    Хөхүй ханыг хөвчлөн авлав 
    Хэдэн олон амьтныг хядан алав 
    Хэмжээгүй гайхан магтав 
    Хоёр загалын санаа нь амран жаргав 
    Сод богд Чингис хаан 
    Бага загалд хив татан сэтэрлэв гэнээ. 
    Хив татлын ёс бага загалаас болов гэнэ  
    Эзэн богд Чингис хааны 
    Эр хоёр загалын тууж төгсөв

            "Орчлонгийн сав шимийн дуулал" эмхэтгэлээс 


    Үзсэн тоо:2305