Та бид дулаан буюу энерги, бөөмс буюу бие, үзэгдэл буюу үйл явц гэсэн үгнүүдээ дээрх олон утга санаа бүхий үгнүүдтэй тохируулан наалдуулж өөрийн санаагаа утга төгс илэрхийлэх ёстой. Иймд:
Иймд биеийн дотоодод түүнийг бүрдүүлэгч бөөмсийн хооронд /биеийн нэг хэсгээс нөгөөд/ дулаан дамжиж байгаа гэдэг санааг, дулааныг тухайн бие /хэсэг/ шингээдэг гэсэн санаатай хамтатган илэрхийлэхийн тулд хатуу биед дулаан дамжих гэснийг дулаан тарах /түгэх/ гэх буюу бүр тодруулбал дулаан аяндаа түгэх үзэгдэл гэж нэрлэж болох юм. Учир нь биеийн дотор жижиг хэсгүүд зөөгдөхгүй хэдий ч дулаан нь биеийн нэг хэсгээс нөгөөд тархаж байгаа шүү дээ.
Хий ба шингэний хувьд түүний дотоодод бөөмсийн хөдөлгөөнөөр дулаан зөөгддөг ба үүнийг бид коньвекцийн үзэгдэл гэж нэрлэсэн. Энэ үзэгдлийн үед дулаан зөөгдөх, тарах үзэгдлүүд нэгэн зэрэг явагддаг тул энэ нь аяндаа явагдаж байгаа дулаан түгэх үзэгдэл биш дулаан зөөгдөн түгэх үзэгдэл буюу дулаан түгээлт юм гэж нэрлэх нь зүйтэй санагдана. Учир нь хий ба шингэн биеийн дотор дулаан түгэхдээ бөөмөөс бөөмд шилжихээс гадна бөөмсийн хөдөлгөөнөөр нэг хэсгээс нөгөө хэсэгт дулаан зөөгддөг, тэдгээрт шингээгддэг.
Дээрх хэллэгүүд нь биеийн дотоод уруу хандсан хэллэг бөгөөд харин гадаад талаас нь харж, биеүд өөр хоорондоо дулааныг өгч авч байгааг, мөн тэгэхдээ дулааныг шингээж байгааг илэрхийлэх үүднээс дулааныг дамжуулан түгээх /энэ нь дулаан дамжуулал/ гэх буюу эсвэл дулаан дамжин түгэх /энэ нь дулаан шилжилт/ үзэгдэл гэвэл оновчтой байж болох юм гэж үзлээ. Дулааны үзэгдэл нь нэг чиглэлд явагдах тул дулаан солилцох гэдэг нь арай утга дүйхгүй санагдаж байна. Энэ бүхний тухай уншигч та мэргэн оюундаа тунгаана биз дээ.