Уран зохиол - Ерөнхий мэдээлэл - Хичээлийн агуулга

    Яруу найрагч Данзанравжаа /1803-1856/


    СЭДЭВ : ЯРУУ НАЙРАГЧ ДАНЗАНРАВЖАА /1803-1856/

     

    Хичээл судлах үйл ажиллагааны дараалал :

    ҮЙЛ АЖИЛЛАГАА 1 :

    *      Сэдвийн зорилготой танилцах

    *      Тухайн сэдвээр оюутны эзэмших чадвартай танилцах

    Сэдвийн зорилго : Данзанравжаагийн намтар, уран бүтээлийг судалсан байдал, зохиолчийн ертөнцийг үзэх үзэл, зохиол бүтээлийн уламжлал, төрөл зүйл, сэдэв, туурвилзүйн онцлогийг намтар, зохиолыг судлах явцдаа задлан тайлбарлана.

    Оюутны эзэмших чадвар : Данзанравжаагийн намтрын өвөрмөц тал, түүний шүлэг зохиолын ардын аман зохиол болон монгол бичгийн зохиолын холбоо, Энэтхэг, Төвдийн уран зохиолын нөлөө, зохиолчоос уран бүтээлдээ хийсэн шинэчлэл зэргийг тодорхой зохиолын жишээн дээр тайлбарлах чадвар эзэмшинэ.

    ҮЙЛ АЖИЛЛАГАА 2 :

    *      Зохиогчийн товч намтартай танилцах

    *      Намтрын товч хураангуйг хийх, бусдадаа сонсгох /Намтар товчоолох аргад суралцах/

    Д.РАВЖААГИЙН НАМТАР

    Равжаа хуучин Түшээт хан аймгийн Говь мэргэн вангийн хошуу одоогийн Дорноговь аймгийн Өргөн сумын нутагт Сайшаалт ерөөлт хааны наймдугаар он буюу 1803 онд ядуу ард Дулдуйтын гэр бүлд төржээ.

    Эх нь төрөлтийн хүндрэлээс болж нас барсан гэдэг. Равжаа багадаа эцгийн хамт гуйлга гуйж, зарцлагдан амьдарч байв. Равжаа багаасаа сэргэлэн цовоо, авьяас билэгтэй хүүхэд байсан бөгөөд 7-8 насныхаа үеэс дуу шүлэг зохиож эхэлжээ. Энэ онцгой авьяас билэг нь олонд гайхагдаж улмаар манжийн хаанаас дахин тодруулж өргөмжлөхийг хориглосон говийн ноён хутагтын тавдугаар дүрээр, хагас нууц байдлаар өргөмжлөгджээ. Ийнхүү өргөмжлөгдсөн явдал нь түүний амьдрал ахуй, үзэл санаанд ихээхэн өөрчлөлт оруулжээ.

    Равжаа багаас авьяаслаг сэргэлэн хүүхэд байсан тул монгол, төвд хэл бичигт сайтар суралцсан төдийгүй буддын шашны гүн ухаан, зан үйл, ёс горимыг ч сайн мэддэг болжээ. Ийм учраас тэр үеийн эрдэмтэй лам нар Равжаагийн зохиол бүтээлийг зүй ёсоор үнэлж байсан гэдэг. Тухайлбал, монгол, төвд хэл бичгийн нэрт эрдэмтэн Дандар Лхарамба Равжаагаас хэдийгээр нас ахмад боловч түүнийг Алшаа нутгаар зорчих үед эрдэм чадлыг нь үнэлж шавь орсон гэдэг домог яриа бйдаг.

    Равжаа энэ үеэс феодалын төр шажны үйл хэргийн төлөө хүчин зүтгэж эхэлсэн бөгөөд Бадгар, Чойлин зэрэг хийдэд сууж чойр зэрэг ном үзжээ. Равжаа нэг газраа байнга суулгүй, Монгол болон бусад нутгаар, тухайлбал Алшаа, Утай, Их хүрээ зэрэг олон газар орноор аялан явж, ном номлож, дуу шүлгээ зохиож, наргиан наадамд оролцож явжээ. Ингэж явахдаа олон түмний амьдрал ахуйтай гүн гүнзгий танилцаж, тэр нь түүний үзэл санаа, зохиол бүтээлд зохих хэмжээгээр нөлөөлжээ.

    Тэрээр аялж, жуулчилж явахдаа найр наадам зохиож, дуу шүлэг өргөж, газар газрын бүжиг цамын дэг сонирхон судалж, соёл түүхийн дурсгалт зүйлс эрхэмлэн цуглуулж байжээ. Равжаагийн цуглуулгад эртний баатрын хувцас, зэр зэвсэг, одны чулуу /солир/ зэрэг элдэв нарийн нандин зүйлийг агуулсан 32 авдар баялаг үзмэр байдаг байсан гэдэг мэдээ бий.

    Равжаагийн соён гэгээрүүлэх шинж чанартай үйл ажиллагааны өөр нэг хэлбэр нь шашны цам бүжгийн урлагийг уран сайхны театрчилсан үзмэр болгон хөгжүүлж байсан явдал болно. Тэрээр 1827 онд цамын баг хувцас хийлгэн, бүжгийн сургууль дэглэж, улмаар 1831 онд Алшаад хүрч Мял, Жоу Адишагийн намтар жүжиг дуулуулж байв. “Саран хөхөө”-ний намтрыг тоглуулах бэлтгэл ажлыг ч энд эхлүүлжээ. Түүгээр ч үл барам төвдийн театрын урлагтай  танилцах зорилгоор хилийн чанадад аялан явж байв. Ийнхүү газар газрын жүжиг, цамын дэг горим үзэж судалсны үндсэн дээр өөрийн орны ахуй нөхцөлд тохируулан “Саран хөхөөний намтар” жүжгийг 1833 онд Тулгатын хийдэд анх тоглуулсан ажээ.

    Равжаа найр цэнгэл зохиох, аялал жуулчлалаар явах үедээ дууч, хөгжимч, бичээч зэрэг авьяаслаг залуусыг дагуулан явдаг байсан гэнэ. Үүнийг эрдэмтэн Л.Хүрэлбаатар сонирхон судлаад тухайн үеийн дуу хөгжим, уран сайхны хамтлаг шинжтэй зүйл байсан гэж үзсэн байна.[1]

    Равжаа төвд, монгол хэлээр олон зуун дуу шүлэг, сургаал зохиосноос “Хурмаст тэнгэр”, “Үлэмжийн чанар”, “Урьхан хонгор”, “Молор эрдэнэ”, “Цаасан шувуу”, “Сэтгэлийг амраагч” зэрэг шүлэг сургааалууд нь олны дунд ихэд дэлгэрч түүний нэрийг алдаршуулжээ.

    Равжаа бурхны шажны улаан талыг баримталдаг байсан тул ертөнцийн аливаа явдлаас жигшдэггүй байв.

    Тэрээр феодалын төр шажны томоохон зүтгэлтэн боловч түүний загнах зан ихэс дээдсийн санаанд нийцдэгггүй байсан учир түүнийг “Галзуу”, “Согтуу”, “Тойн дүрст өнөөх гайхал” гэх зэргээр хочлон нэрлэж, гадуурхан үздэг байжээ.

    Равжаагийн нас барсан шалтгаан тодорхойгүй боловч  ард түмний дунд  Мэргэн вангийн угсааны “шулам хатан” гэгч хортой архи өгч алсан гэдэг домог яриа байдаг. Равжаа ч “шулам хатан”-аар хорлуулах гэж байгааг сэжиг авч “Ертөнц авхайн жам” гэдэг шүлгээ бичсэн гэдэг мэдээ бий.

                Равжаа Түгээмэл элбэгт хааны зургаадугаар он буюу 1856 онд нас баржээ.[2]

    ҮЙЛ АЖИЛЛАГАА 3 :

    *      Зохиогчийн уран бүтээлтэй танилцах

    *      Уран бүтээлийн товч хураангуйг хийх, бусдадаа сонсгох /товчоолох аргад суралцах/

    Д.РАВЖААГИЙН УРАН БҮТЭЭЛ

    Д.РАВЖААГИЙН ЗОХИОЛ АРДЫН АМАН ЗОХИОЛТОЙ ХОЛБОГДОХ НЬ

    Равжаа зохиол бүтээлдээ ардын ярианы үг хэллэгийг оруулж, ардын аман зохиолын  барагдашгүй санг ашиглаж, зүйр цэцэн үг, дууны үг, мэргэн цэцэн хэллэгийг авч хэрэглэж байсан байна.

    “Сэтгэлийг амраагч” сургаалд :

    “Саруул тал байвч шаврыг нь мэдээрэй.

    Сайхан амраг байвч санааг нь таниарай.” гэсэн эртний үгийг иш татжээ. Энэ зүйр үг “Цэвэр сайхан”, “Лам гурван эрдэнэ”, “Нүүр үзэн магтвал”, “Ойр хол явавч” зэрэг олон зохиолд нь давтагдан хэрэглэгджээ.

    Түүний зохиолд “Хүний сайныг ханилан байж мэд, морины сайныг унан байж мэд” гэх зэргийн зүйр цэцэн үгүүдтэй утга уялдуулан зохиосон бадгууд ч элбэг байдаг.

    Равжаагийн яруу найргийн товч өгүүлэмж, утга санаа нь гүн гүнзгий, сэтгэл хөдөлгөсөн хурц тод дүрслэлүүд нь эргэж аман зохиол болж шинэ зүйр цэцэн үгүүдээр түүний санг баяжуулсан байна.

    Мөн түүний зохиосон “Үлэмжийн чанар”, “Урьхан хонгор”, “Молор эрдэнэ”, “Хурмаст тэнгэр”, “Төрж өсгөсөн гөрөөс ээж” зэрэг олон дуунууд нь ардын аман зохиолын эрдэнэсийн баялаг санд шингэн оржээ.

    РАВЖААГИЙН ЗОХИОЛ МОНГОЛЫН БИЧГИЙН ЗОХИОЛТОЙ ХОЛБОГДОХ НЬ 

    Равжаагийн зохиосон сургаалуудад зохиомж, хэллэг, урласан арга барилаараа эртний сургаалуудтай ойр төсөөтэй талууд нэлээд бий. Жишээлбэл :

    “Оюун түлхүүр” хэмээх сургаалд :

    “Төр ёс үл мэдэх хаадаас

    Түвшин сайн түшмэл дээр гэлээ.

    Ичгүүр үл мэдэх хатнаас

    Ичгүүр мэдэх шивэгчин дээр гэлээ.

    Хадгалж үл чадах хөвгүүдээс

    Халамжит сайн боол дээр гэлээ.” гэж байдаг бол Д.Равжаагийн зохиол “Олон хөгшид хүүхдийн хэлэлцдэг үгсийн товч”-д :

    “Хадгалж чадахгүй хөтчөөс

    Хавь дахь хамаагүй нөхдийг хэрэглэ.

    Хариулж чадахгүй адуучнаас

    Харин сайн хоточ нохойгоо асар.

    Урагшгүй түшмэдээс

    Учир өгүүлэгч өвгөд шударга” ... гэжээ.

    РАВЖААГИЙН ЗОХИОЛ ЭНЭТХЭГ, ТӨВДИЙН УРАН ЗОХИОЛТОЙ ХОЛБОГДОХ НЬ

    Равжаагийн шүлэг сургаалын нэлээд нь Энэтхэг, Төвдийн уламжлалт хэлбэрийг дагаж залбирлаар эхэлж, ерөөл бэлгэдлээр төгссөн байдаг. Ийм хэлбэр дорно дахины уран зохиолд дээр үеэс хэрэглэгдэж иржээ.

    Равжаа, Энэтхэг, Төвдийн яруу найрагчдын зохиол, уран зохиолын онолыг судлан, түүнийг өөрийн үндэсний өвөрмөц байдалд бүтээлчээр авч хэрэглэж байжээ.

    Энэтхэгт, зөгийг лянхуа цэцэгт дурласан хэмээн домоглон ярилцдаг ба харилцан дурласан хосуудын сэтгэлийг уран зохиолд илэрхийлэхдээ, зөгий, лянхуагаар зүйрлэж дүрсэлдэг байна. Энэтхэгийн уран зохиолд, баатрынхаа сэтгэлийн гуниглал уйтгарыг дэлбээ хумхисан лянхуа, эсвэл хатсан цөөрөм дэх лянхуатай адилтган зүйрлэж дүрсэлдэг. Харин сэтгэлийн баяр бахдалыг илэрхийлэхдээ нарны илчээр цоморлогоо нээсэн лянхуатай адилтган дүрсэлдэг байна. Ййм дүрслэлүүд, Равжаагийн олон зохиолуудад бий.

    “Уужим хэрмэнд нь тарьж ургуулсан өнгийн сайхан лянхуа ба

    Уяхан эгшиг дуулан нисэгч залуу зөгий хоёр

    Урин цагийн тохиол бүхэнд дахин дахин учирна.

    Ул бат энэ бэлгийг үлгэр авч саная ...” /”Хиргүй тунгалаг огторгуй”/ гэх зэргээр дүрсэлсэн жишээ олон бий.

    Энэтхэгийн яруу найрагт, арслан, барс, заан, үнээ, нохой, галуу зэрэг амьтдын төрх байдлаар төлөөлүүлж, хүний зан чанарын олон талыг илэрхийлдэг байна. Адгуусан амьтдаар ийнхүү төлөөлүүлэн дүрсэлдэг уламжлал манай уран зохиолд ч бий.

    Равжаагийн шүлэг зохиолуудад “Аашлах зан нь ми мэт байргүй, хэлэх үгийг сонсоход бугын урамдал мэт ...”, “Буртаг уудалсан гахай мэт олзонд хомхойрхох ...”, “Башрыг сурсан хав мэт дээдсийг үзэхдээ мөргөх ...” гэх мэтээр бялдууч, заль мэхтэй, хомхой ховдог, ширүүн догшин ааш араншинтай хүмүүсийн дүр байдлыг дүрсэлсэн нь элбэг байдаг.

    “Ихсийг эс хүндэтгэсэн хүн самуурахын шинж

    Эвийг эс бодсон ихэс хөнгөрөхийн шинж

    Заан, сармагчин, туулай, шувуу дөрөв

    Эвтэй болоод сонин үлгэр болсныг үз.

    Ганцхан цастын цагаан арслан

    Хар шоргоолжинд баригдсаныг үз” хэмээн Энэтхэгийн “Рашааны дусал”, Төвдийн “Субашид” зэргээс үлгэрлэн бичжээ.

    Эртний соёлт Энэтхэг зэрэг орны бичиг зохиол, онол урлагийг эзэмшин хэрэглэж, үлгэр дууриал болгохдоо үсэгчлэн хуулах буюу гаднах хэлбэрийг дууриасан бус, харин монгол хэлний өвөрмөц байдал, үндэснийхээ онцлогт тохируулан зохицуулж бүтээлчээр эзэмшин дэлгэрүүлжээ.

    РАВЖААГИЙН УРАН БҮТЭЭЛ ДЭХ ШИНЭЧЛЭЛ

    Равжаа монголын уран зохиолын өв уламжлалыг бүтээлчээр эзэмшээд зогсоогүй, ард түмний тэмцэл, цаг үеийнхээ зөрчлийн нөлөөг тусган авч, орчин үеийнхээ бодит байдалтай холбоотойгоор үүдэн гарсан шинэ соргог зүйлийг уран бүтээлийнхээ гол агуулга болгосноор монголын уран зохиолд шинэчлэлийг хийжээ.

    1. Равжаа өөрийн зохиолыг янаг амрагийн зохиол руу ойртуулсан.
    2. Равжаа уран бүтээлээ амьдралтай ойртуулж, тухайн цаг үеийнхээ бодит байдлыг тусгаж чадсан байна. Тэрээр иргэний шүлгийг хөгжүүлсэн.
    3. Равжаа бол өөрийн ангийн явцуу хүрээнээс халин гарч, ард түмний цэцэн ухаан, түүний бүтээлийн ундаргад хандсанаар, олон түмний ашиг сонирхол, амьдралын үнэнийг уран бүтээлдээ тусгаж чадсан. Иймээс түүний зохиол бүтээл олны талархлыг хүлээж, цагийн шалгуурыг даван уламжилж иржээ.
    4. Тэрээр зохиолоо урьдах үеийн зохиолчдын адил тогтмол хэлбэр болсон бичиг судрын хэлээр бичсэнгүй. Харин бичгийн хэл, халхын цэвэр ярианы хэлний шимтэй хөрсийг боловсруулан олонд ойлгомжтой хэлээр зохиолоо туурвидаг байв.
    5. Равжаа зохиолдоо нийгмийн анги давхраа, тэдгээрийн гэм дутагдал, хүмүүсийн зан суртахуунд оршиж байгаа хүнлэг биш, зальхай башир явдал зэргийг өргөн хүрээтэй, олон талтайгаар шүүмжлэн бичиж байсан анхны зохиолчдын нэг байлаа.

    Бие даан гүйцэтгэх ажил :

    • “Цэвэр сайхан”, “Лам гурван эрдэнэ”, “Нүүр үзэн магтвал”, “Хол ойр явагч”, “Урьхан хонгор”, “Молор эрдэнэ”, “Төрж өсгөсөн гөрөөс ээж”, “Цагийн жамыг тодруулагч цаасан шувуу” зэрэг шүлэг сургаалаас аман болон бичгийн зохиолын уламжлалыг;
    • “Хиргүй тунгалаг”, “Сэтгэлийг амраагч” зэргээс Энэтхэг, Төвдийн зохиолын үлгэр дуурайлыг ажиглахын сацуу монголын уран зохиолын өв уламжлалыг бүтээлчээр эзэмшин улмаар хутагт хүн байсан боловч янаг амрагийн сэдвээр бичих болсон нь зохиолд шинэчлэл болсон гэдгийг баримтаар тайлбарлана. 


    [1] Д.Цэрэнсодном, “Монгол уран зохиол” /XIII-XX зууны эхэн үе/, УБ, 1987, 333-336  дахь  тал

    [2] Ц.Дамдинсүрэн,Монголын уран зохиолын тойм, Боть 3, УБ, 1968, 6-7 дахь тал


    Үзсэн тоо:7519

     
  • bayrlalaa

     13  4
  • 1