Багш, удирдах ажилтны зөвлөлдөх уулзалт, сургалт



    Орон даяар хичээлийн шинэ жил эхлэхэд бэлтгэж, сургууль цэцэрлэгүүд засвар үйлчилгээгээ дуусгахын зэрэгцээ багш нарыг сурагчдаа хүлээн авахад бэлтгэх, арга зүйг сайжруулах, мэдлэг чадварыг нэмэгдүүлэхэд анхаарч байна. Энэхүү бэлтгэл ажлын хүрээнд БСШУСЯ болон БМДИ, БХ хамтран “Бүрэн дунд боловсролын сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг хэрэгжүүлэх арга зүй-Багшийн ёс зүй, харилцаа” сэдэвт сургалтыг 8 дугаар сард 3 үе шаттайгаар зохион байгуулах юм.


    Үүнд:

    1. Үндэсний сургагч багш бэлтгэх /Улаанбаатар хотод 8-р сарын 09-11ны өдрүүдэд, 132 оролцогч/

    2. Орон нутгийн сургагч багш бэлтгэх /Улаанбаатар хотод 8-р сарын 14-19ны өдрүүдэд, 620 оролцогч/

    3.  Бэлтгэгдсэн сургагч багш нар орон нутгийн БСУГ-ын дэмжлэгтэйгээр орон нутагтаа дээрх сургалтыг зохион байгуулах /Орон нутагт 8-р сарын 21-30-ны өдрүүдэд дээрх 2 үндсэн чиглэлийн хүрээнд давхардсан тоогоор 41 000 оролцогч/.



    Дээрх зураглалын хүрээнд өнөөдөр буюу 8-дугаар сарын 14-ны өдөр Монголын Улсын Үндэсний урлагийн Их театрт “Багш, удирдах ажилтны зөвлөлдөх уулзалт, сургалт” нэрийн дор сургалтын 2-дугаар шат эхэлж нийслэл болон орон нутгаас ирсэн 700 орчим оролцогчид цугларлаа. Уулзалтад Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Г.Чулуунбаатар оролцож боловсролын талаар явуулах бодлого чиглэл, цаашдын зорилтын талаар илтгэл тавьж мөн багш, удирдах ажилтнуудын асуултад хариулт өглөө.


    “Бүрэн дунд боловсролын сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг хэрэгжүүлэх арга зүй-Багшийн ёс зүй харилцаа” сургалтын онцлог нь орон нутгийн хүний нөөцийг чадавхжуулж тухайн аймаг дүүрэгт нь  сургагч багш нарыг бэлтгэж өгч байгаа явдал юм. Сургалт 2 үндсэн чиглэлийн хүрээнд явагдана. “Багшийн ёс зүй, харилцаа, хандлага” сэдвийг нийт 36 мянган багшид хүргэхээр төлөвлөж байна. Багшийн заах ур чадвараас гадна ёс зүйн асуудал орчин цагт анхаарал ихээр татах болсон. Багшийн ёс суртахууны харилцаа дан ганц сурагчаар хязгаарлагдахгүй багш-удирдах ажилтан, багш-багш, багш-эцэг эх, багш-нийгмийн орчин хэмээн олон талт байдлаар үргэлжилдэг. Мөн мэдээлэл технологийн эрин үед багшийн нийгмийн сүлжээн дэхь харилцаа хүртэл ёс зүйн хэм хэмжээг шаардаж байгаа билээ. Цаашилбал, цахим орчин дахь хүүхдийн аюулгүй байдлыг хангахын тулд багшид тодорхой хэмжээний мэдлэг ур чадвар, хандлагын өөрчлөлт хэрэгтэй болж байна. Дээрх сургалтын эхний гурван өдөр “Багшийн ёс зүй, харилцаа хандлага” сэдвийн дор явагдана.



















    Харин боловсролын шинэчлэлийн хүрээнд “Бүрэн дунд боловсролын сургалтын хөтөлбөр төлөвлөгөөг хэрэгжүүлэх арга зүй” сургалт 17-19-ны өдрүүдэд зохион байгуулагдаж нийт 15 мянга гаруй багш нарыг хамрах бөгөөд бүрэн дунд боловсролын сургалтын төлөвлөгөө, суралцахуйн удирдамж, сурах бичгийн нийтлэг үзэл баримтлал, арга зүй болон болон судлагдахууны онцлог, ялгааны талаар нэгдсэн ойлголттой болж, хөтөлбөрийн үнэлгээ, үнэлгээний олон улсын чиг хандлагын талаарх ойлголтоо нэмэгдүүлэх юм.  

     Хичээлийн шинэ жилийг угтсан  “Бүрэн дунд боловсролын сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг хэрэгжүүлэх арга зүй-Багшийн ёс зүйхарилцаа” сэдэвт энэхүү сургалтын зохион байгуулалтад “Тогтвортой хөгжлийн боловсрол” төсөл санхүүгийн дэмжлэг үзүүлж байна.


    8/31/2017 2:02:36 PM